• Эхлэл
  • Иргэдийн санаачилгыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дэмжиж ажиллана гэв

Иргэдийн санаачилгыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дэмжиж ажиллана гэв

2017/03/10

-“Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 14.75 хувийг 2.5 сая иргэн эзэмшиж байна

 “Эрдэнэс Тавантолгой”-н жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар Хуульч Б.Баяр, Эдийн засагч Л.Наранбаатар нар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд өнөөдөр хандлаа. Тус төвийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва албан хүсэлтийг хүлээн авч, хувьцаатай холбоотой мэдээллийг олон нийтэд гаргаж өгнө гэдгээ энэ үеэр хэлсэн юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн энгийн хувьцааны 85.19 хувийг төр эзэмшдэг бол үлдсэн хувь нь иргэд болон 550 гаруй аж ахуйн нэгжийн өмч. Гэвч өнөөдрийг хүртэл жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтойгоор “Эрдэнэс Тавантолгой” компани зөрчиж ирсэн тул иргэд ийнхүү нэгдээд буй.

Тэд хууль тогтоомжийг мөрдөж ажиллах, зөрчил дутагдлыг арилгах, компанийн хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрхийг хангуулах зэрэг шаардлагыг Засгийн газар болон “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани,  Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагад өмнө нь хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд албан ёсоор хандаж, хүсэлт гаргасан нь энэ. Уг албан бичигт “Компанийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, бусад хууль, тогтоомж,  хувьцаат компанийн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн зохицуулалт, хэм хэмжээг “Эрдэнэс Тавантолгой” компани зөрчиж байгааг дурджээ. Алдагдал үйлдвэрлэж, эдийн засгийн үр ашиг багатай ажиллаж байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 14.75 хувийг 2.5 сая иргэн, 0.06 хувийг 553 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Үлдсэн 85.19 хувь нь төрийн мэдлийн хувьцаа аж.

 Эдийн засагч Л.Наранбаатар “2010 онд аж ахуйн нэгжүүд 7.4 тэрбум төгрөгөөр хувьцаа худалдан авч “Эрдэнэс Тавантолгой”-д хөрөнгө оруулалт хийсэн ч энэ мөнгө нь халамж руу яваад алга болсон. Угтаа энэ нь Тавантолгойг хөгжүүлэхэд зарцуулах ёстой байсан хөрөнгө. Хэрэв аж ахуйн нэгж дээрх 7.4 тэрбум төгрөгөө банкинд байршуулж байсан бол жилд хамгийн багадаа 20 хувийн хүүгээр өсөх боломжтой байсан. Компаниуд энэхүү алдагдсан боломжоо үнэлж, шүүхэд хохирлоо нэхэмжилбэл Засгийн газар дор хаяж 10 тэрбум төгрөгийн өрөнд орж болзошгүй байна” гэв. “Эрдэнэс Тавантолгой”-н алдагдал одоогоор 450 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өрийн хэмжээ нь 822 тэрбум төгрөгийг давжээ. Манай улсад жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудал орхигдож ирсэн. Үүний бодит жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” болж байна.

Б.Мөнх-Эрдэнэ

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна