“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр 14:00 цагийн орчим АНУ-ын цэргийн зориулалттай, С-17 маркийн TREK-973 дуудлагатай ачааны нисэх онгоцны нэг хөдөлгүүр бүрэн зогсож, ажиллагаагүй болж, ослын буулт хийсэн талаар мэдээлэл өчигдөр хэвлэлүүдээр гарсан билээ. Үүнээс үүдээд АНУ-ын цэргийн онгоц яагаад Монгол дээгүүр нислэг хийж байсан талаар бас маргаан мэтгэлцээн өрнөөд байгаа.
Эх сурвалжийн мэдээлснээр бол дээрх онгоц энхийг сахиулагчдын ачааг тээвэрлэхээр Чингис хаан онгоцны буудалд хуваарийн дагуу газардан, өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-нд буцах ёстой байжээ. Гэтэл газардахын өмнө техникийн гэмтэл гарснаа мэдээлэн Чингис хаан нисэх онгоцны буудлын аюулгүйн алба шуурхай хуралдаж, бүх талын арга хэмжээг бүрэн авснаар ямар нэгэн осол гэмтэлгүй амжилттай газардсан гэжээ. Монгол улсын Батлан хамгаалах яам болон АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны тодорхой албан тушаалтнууд байдалтай танилцаж, онгоцыг хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авчээ.
Нисэх онгоцны экипаж 10 гаруй хүнтэй. Одоогоор Улаанбаатар хотын “Чингис хаан” нисэх онгоцны буудалд онгоцыг засварлаж байгаа бөгөөд хэзээ буцаж нисэх нь тодорхойгүй байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна