Аливаа нэг баяр ёслолын үеэр хэрэг зөрчил, наад зах нь согтуугаар жолоо баригсдын тоо ихэсдэг. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүд, бидний нэрлэж заншсанаар Эрчүүдийн баяр буюу гуравдугаар сарын 18,19-нд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 512 дуудлага иржээ. Үүний 383 зам, тээврийн осол байсан бөгөөд 20 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн найм, мөргөлдсөн 16, онхолдсон нэг, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг осол бүртгэгджээ. Зам тээврийн осолд 10 хүүхэд өртсөн байна. Үүнд зарим нэг мэдээллийг хүргэж байна.
Согтуу жолооч таван хүүхэд гэмтээжээ
-Сонгинохайрхан дүүргийн нутаг Толгойтын замд T.Prius маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Subaru Impreza маркийн автомашинтай мөргөлдөж, зорчиж явсан 1-8 насны 5 хүүхэд гэмтсэн.
-Чингэлтэй дүүргийн нутаг Их дэлгүүрийн зүүн замд амины T.Vitz маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 10 настай Б-г мөргөж гэмтээсэн хэрэг гарсан байна.
Баяр тэмдэглэж байгаад нэгнийхээ амийг хөнөөжээ
Мөн гуравдугаар сарын 19-ны шөнийн 01:25 цагийн орчимд, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах диско бааранд Сэлэнгэ аймгийн харьяат 28 настай Ч гэгч нь ширээний тавцан модоор 26 настай Б-ийн толгойн тус газарт цохиж амь насыг нь хохироосон байна. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эрүү үүсгэн шалгаж байна.
Согтуу жолоочийн тоо 1,8 дахин өсчээ
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 146 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан гэж замын цагдаагийн албаныхан онцолж байна. Дээрх тоог өмнөх амралтын өдрүүдтэй харьцуулахад 1,8 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Дулааны худгаас хоёр цогцос олдов
Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гранд плаза” худалдааны төвийн дэргэдэх дулааны худгаас энэ сарын 16-нд нэг цогцос олджээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын /НОБГ/-ын Аврах ангийн зургаан ажилтан очиход нас бараад удсан, нэр, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гарган, тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст хүлээлгэн өгчээ.
Мөн гуравдугаар сарын 18-ны өдөр "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны ард байрлах дулааны худагт цогцос байна, гаргаж өгнө үү" гэсэн дуудлагын дагуу НОБГ-ын таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, аврагчид нэр, хаяг нь тодорхойгүй 40 орчим насны эрэгтэй хүний цогцсыг худгаас гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
ОУХМ Э.Цэндбаатар халдлагад өртөж, хүнд бэртжээ
Мөн бямба гаригт буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө Боксын спортын ОУХМ, "Рио 2016" зуны олимпын наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар бусдад зодуулж, хүнд гэмтэн Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэгджээ.
Эх сурвалжаас авсан мэдээллээр түүн рүү үл таних согтуу залуус халдаж, хүнд бэртээсэн, нүүрэндээ 32 оёдол тавиулаад байна гэсэн мэдээлэл байна. Түүнийг зодож, зугатаахад нь машинаараа хөөж дайран, нүүр рүү нь гуперээр ороолгосон гэсэн мэдээлэл бас байгаа юм.
Зогсоол дээр тавьсан машин руу бууджээ
Мөн гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэгт байрлах ОХУ-ын Элчин сайдын яамны хажуугийн зогсоолд зогсч байсан нэгэн иргэний автомашин руу гал нээсэн хэрэг гарчээ. Тухайн үед жолооч машиндаа байгаагүй бөгөөд, хэн нэгэн машин руу чинь буудчихлаа гэж хэлэхэд ирсэн гэсэн мэдээлэл байна. Энэхүү машины цонх нь хагарч, дотор талд нь сум унасан, машины урд хайрцаг дээр сумны мөр гарсан ул мөр олджээ.
Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлснийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Өөр эх сурвалжийн мэдээллээр “Зогсоол дээр байсан иргэний машин руу байшингийн дээвэр дээрээс калибраар буудсан” гэж байгаа ч цагдаагийн байгууллагаас “Одоогоор хаанаас, хэн гэдэг этгээд, ямар буугаар, ямар шалтгааны улмаас буудсан бэ гэдгийг тогтоохоор ажиллаж байна” гэсэн мэдээллийг өгч байна.
Сэтгэгдэл байхгүй байна