-Боксчдыг шигшээ багаас зургаан сарын хугацаатай хасав-
Боксын үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар ГССҮТ-д ухаангүй хүргүүлж, эмчлүүлж байгаа нь өчигдөр цахим ертөнцөөр олны анхааралд байлаа. “Энэ сарын 18-19-нд шилжих шөнө “Улаанбаатар палас”-ын ойролцоох баарны гадаа үл таних залуус боксчныг зодсон, “Хүн андуураад байна” гэж хэлээд зугтахад нь “Приус” маркийн машинаар хөөж мөргөн хүнд гэмтээсэн. Цагдаагийнхан хэрэг өдүүлсэн, машинаараа дайрсан этгээдүүдийг баривчилсан” гэж зарим сайтад бичжээ.
Тэгвэл Гавьяат дасгалжуулагч, улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн “Манай тамирчид Хандгайтад бэлтгэлд гараад байгаа. Тэгтэл энэ сарын 18-19-нд шилжих шөнө Э.Цэндбаатар тэргүүтэй тамирчид бэлтгэлийн байрнаас гарч, Х.Энх-Амарын машинаар хотын төв рүү орсноор ийм асуудалд холбогджээ. Тухайн үед том биетэй, үл таних хэдэн нөхөр эхэлж өдөж хоргоосон гэсэн. Манай тамирчид зугтаж холдчихоод “Гүйцэж чадахгүй байх” гээд алхаж байтал өнөөх хэдэн залуу нь машин хөлөглөн ирж, Э.Цэндбаатар, Д.Давааням нарыг шууд дайрсан байна лээ. Сэжигтнүүдийг цагдаагийнхан баривчилж, шалгаж эхэлсэн. Тэд бид “Хүн андуурсан байна билээ. Бидний буруу” гэх тайлбар өгсөн” хэмээн www.mnb.mn цахим хуудасны сурвалжлагчийн асуултад хариулжээ.
Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн болсон асуудлыг тодруулахаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаалт дөнгөж эхэлж буй болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй хэмээж буй. Тус хэлтсийн эх сурвалжийн мэдээлснээр Э.Цэндбаатартай зодолдсон гэх залуу “Бааранд нэг залуу намайг цохиж унагаад нэг бус удаа өшиглөсөн. Би түүнд зодуулсан. Тэгээд баарнаас гараад найз нараа дуудсан. Тэгтэл нөгөө залуу зугтсан. Бид араас нь хайж явтал машинд мөргүүлчихсэн байна лээ. Бид зодсоноос ийм явдал болоогүй” хэмээн мэдүүлсэн гэв.
ГССҮТ-ийн жижүүрийн цагдаагийн хэрэг бүртгэлтийн дэвтэрт “Цэндбаатар гэдэг залуу машинд мөргүүлж, ухаангүй хүргүүлж ирээд Эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн” хэмээн тэмдэглэжээ. Түүний нүүр, толгойд 30 гаруй оёдол тавьсан гэх мэдээлэл байгаа бөгөөд өчигдөр Гавал тархины мэс заслын тасагт шилжүүлсэн байна. Эмчлэгч эмч Р.Одонбаатар “Гэмтлийн зэргийг хэлэх боломжгүй. Цаашид спортын замналд нь нөлөөлөх, эсэхийг хэлж мэдэхгүй” гэсэн бол ар гэрийнхэн нь “Чухал тэмцээнүүдэд оролцох гэж байхад ийм явдал болсон нь үнэхээр харамсалтай” хэмээж байв.
Шигшээ багийн эх сурвалжаас авсан мэдээллээр ойрын өдрүүдэд болох Үндэсний шигшээ багийн цомын төлөөх тэмцээнд оролцох бэлтгэлд гарсан бөгөөд тэд цонхоороо гарч, цэргийн баяр тэмдэглэхээр хот руу явсан аж. Багш дасгалжуулагч нар нь дээрх тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд анонс, зурагт хуудас хэвлүүлэхээр эзгүй үед нь ийнхүү оргосон аж.
Үүнтэй холбогдуулан өчигдөр Боксын үндэсний шигшээ багийнхан хуралдаж, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг зургаан (гуравдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20 хүртэл) сарын хугацаагаар шигшээ багаасаа хасаж, тэмцээнд оролцох эрхийг нь түдгэлзүүлжээ. Дээрх гурваас гадна залуу тамирчин Ц.Жамъянбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нарыг бэлтгэлээс буцааж, байр, хоолны төлбөрийг нь төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ:unuudur.mn
Сэтгэгдэл байхгүй байна