• Эхлэл
  • Дөрөвдүгээр сар 1-нээс автобусанд зөвхөн картаар зорчино

Дөрөвдүгээр сар 1-нээс автобусанд зөвхөн картаар зорчино

2017/03/24

-Сардаа хүчинтэй том хүний 25 000 төгрөг, хүүхэд найман төгрөгөөр сарын турш хязгааргүй зорчих карт борлуулна-

Автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, зөвхөн карттай иргэд л зорчих болж буй талаар өчигдрөөс мэдээлэл тархсан. Тэгвэл өнөөдөр “Улаанбаатар смарт карт” компани болон Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээлэл хийлээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлээд буй цахим төлбөрийн системийн туршилтын хугацаа өнөөдөр дуусч байгаа юм байна.

Ингээд “Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболор 

-Одоогоор нийтийн тээврийн 1 200 автобуснаас 1 100 орчимд нь тоног төхөөрөмж суурилуулаад байна. Цахим төлбөрийн систем төслийн туршилт амжилттай явагдаж дууслаа. Тиймээс нийтийн тээврийн төлбөрийн системийг 100 хувь цахимжуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлж, автобусанд байрлуулсан бэлэн мөнгөний хайрцгийг хурааж авахаар болсон. Ирэх 4-р сарын 1-ний өдрөөс нийтийн тээврийн автобусанд зөвхөн картаар төлбөрөө хийж үйлчлүүлэх боломжтой” гэж мэдэгдлээ.

Тэгвэл картын борлуулалт, хүртээмж хэр байгаа билээ гэсэн асуулт гарч ирнэ. Тухайлбал, автобусны буудал бүр дээр карт борлуулах цэг байгаа юу, картгүй иргэд яах билээ гэх мэт. Тэгвэл одоогоор карт борлуулах цэг хангалттай байгаа. Гэхдээ цаашид карт борлуулах цэгийг нэмэгдүүлнэ гэлээ. Түүнээс гадна “U-Money” карт борлуулах цэгүүдийн цагийн хуваарийг уртасгах, карт худалдан авах боломж нөхцөл багатай иргэдэд нийт 20 мянган ширхэг төлбөрийн карт тараахаар төлөвлөжээ.

Мөн орон нутгаас ирэх терминалуудад “U-Money” карт борлуулах цэг байгуулж, орон нутгаас ирж буй иргэд дээрх цэгүүдээс нэг удаагийн карт авч ашиглаад, карт худалдан авсан цэгтээ эргүүлэн өгөх боломжтой аж. Үүнээс гадна “Улаанбаатар смарт карт” компаниас гаргасан хязгааргүй картаар бүтэн сарын турш үйлчлүүлэх боломжтой болжээ. Энэхүү хязгааргүй картыг том хүн нэг сард 25 мянган төгрөг, хүүхэд 8 мянган төгрөгөөр цэнэглэж, сарын турш нийтийн тээврийн аль ч чиглэлд, хэдэн ч удаа зорчих эрхтэй бөгөөд цэнэглэсэн данс нь тухайн сардаа хүчинтэй байх аж. Түүнчлэн юнителийн дугаартай иргэд симээ солиулж, “U-Money” карттай холбосноор нийтийн тээвэрт бэлэн мөнгө болон карт авч явах шаардлагагүй. Мөн “Хаан банк”-ны карттай иргэд смарт карттайгаа холбосноор өөрийн данснаас автобусны төлбөрөө төлөх ажээ.

Өнөөдрийн байдлаар нийт 75 мянган иргэн “U-Money” картын хэрэглэгч бөгөөд эдгээрээс 30 мянга орчим нь картаа тогтмол цэнэглэдэггүй байна. Өнгөрсөн хугацаанд бэлэн мөнгөний хайрцагнаас хуурамч мөнгө гарах, тасархай болон дутуу мөнгө хийх явдал ихээр гарч нийслэлийн нийтийн тээврийн орлого алдагдалтай байгаа ба ирэх сараас төлбөрийн систем бүрэн цахимжсанаар дээрх асуудал дуусгавар болно хэмээн албаныхан онцоллоо.

Дашрамд сануулахад нийтийн тээврийн хэрэгсэлд карттай зорчиж байгаа эсэхэд байнга хяналт тавих бөгөөд картгүйгээр зорчсон бол 5 000 төгрөгөөр торгох, албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг арга хэмжээ авах юм байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна