УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-гаас худалдаж авсан хувийн хэвшлийнхний хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Тэгвэл ТУЗ-ын гишүүдийг нь 100 хувь төрийн болгож, хувийн хэвшлийн төлөөллүүдийг хурлаас гаргасан байна. Гэхдээ Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэй гэрээ хэлцэл хийж, тохиролцож, худалдаж авсан үнэ хөлсийг өгсөн эсэх тухай ямар нэгэн мэдээлэл гараагүй байгаа. Харин Эрдэнэт үйлдвэрт өнгөрсөн хоёрдугаар сард шалгалт хийсэн ч шалгалтын талаар мөн нарийвчилсан мэдээлэл гараагүй байгаа юм. Ингээд “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг өөрчилсөн талаарх албан мэдээллийг хүргэж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-аас Засгийн газарт тогтоолоор үүрэг болгосон билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдааны үеэр УИХ-ын уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт даалгасан юм. Энэ дагуу “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар тус компанийн 49 хувийг “Монгол зэс” корпорацаас төлөөлж байсан Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-өөс чөлөөлжээ. Тэдний оронд буюу өмнө нь тус компанийн ТУЗ-д төрийн төлөөлж байсан дөрвөн гишүүн дээр нэмээд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д. Даваадорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж нарыг томилсон байна. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ын долоон гишүүн долуулаа төрийн төлөөлөөс бүрдэж, тус компани төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс зуун хувь төрийн өмчийнх болж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна
..
..
..
..
..
..
..
..
..