Буянт-Ухаа спорт цогцолборт Mongolia Mining 2017 үзэсгэлэн долоо дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
Хамгийн анхны үзэсгэлэнг 2010 онд эдийн засгийн ихээхэн хүндрэлтэй үед зохион байгуулсан.
Үүнээс хойш Minex Mongolia компани уул уурхайн ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэнг тогтмол гарган, энэ салбарын хамгийн том үзэсгэлэн болгож чадсан юм. Энэ жилийн хувьд үзэсгэлэнд оролцогчдын тоо өссөн харагдаж буй бөгөөд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ их гарсан байна. Мөн дэлхийн ноймор нэг гэгдэх Канад улсын цөөнгүй хэдэн компаниуд үзэсгэлэнд оролцсон юм.
Ингээд Канад улсын Элчин зөвлөх, худалдааны хэлтсийн дарга Дуглас Р.Бингемантай ярилцлаа.
- Канад улсын хичнээн уул уурхайн компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
- Одоогийн байдлаар яг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд гэвэл долоон компани байгаа. Үүнээс гадна шинээр бизнес эхлүүүлж буй компаниуд цөөнгүй бий.
- Mining Mongolia 2017 үзэсгэлэнд оролцож буй зорилго?
- Канадын элчин сайдын яам Канад компаниудтай Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа болон явуулах сонирхолтой компаниудтай хамтарч мөн туслах дэмжих үйл ажиллагаа явуулдаг. Бидний гол үүрэг тэдгээр компаниудад хамтрагч олоход тусалдаг. Дээр хэлсэн долоон компаниас өөр маш олон компани байгаа. Тэдгээрт дотоодын Монгол компаниудтай хамтрагчдыг олж өгөхөд тусалдаг юм.
- Канадын уул уурхайн компаниудын эрэлт хэр их байгаа гэж харж байна вэ?
- Канадын олон олон компаниуд Монгол улсад үйл ажиллагаа явуулаасай гэж бодож байна. Одоогийн байдлаар Оюутолгойн том төсөл байгаа. Үүний дараа Тавантолгой гэх мэт том төслүүд хөдлөхөд ар араас нь уул уурхайн томоохон компаниуд орж ирэх байх гэж бодож байна. Канад улсын хувьд уул уурхайгаар дэлхийд тэргүүлэгч гэхэд болно.
- Уул уурхайн салбарт шинээр хийх төсөл ажил буюу цаашид үйл явц хэрхэн өрнөх вэ?
- Ирэх жилийн хувьд Оюутолгой хамгийн том төсөл байгаа. Тэгэхээр энэ төсөлд ач холбогдол өгч ажиллана. Гэхдээ ирэх жилүүдэд бидний харж байгаагаар Баянхонгор аймаг дахь Эрдэнэ ресурс, Өмнөговь аймаг дахь Кинкора, Стэйп гоулд гэх шинэхэн төслүүдийг хэрэгжүүлнэ хэмээн харж байна.
- Өнгөрсөн жилийн хувьд уул уурхайн салбар уналтанд орсоноор Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Тэгвэл тус салбараар дэлхийд ноймор нэг гэгдэх Канад улсын зүгээс Монгол улс дээрх байдлаас хэрхэн гарах боломж бий гэж харж байна вэ?
- Минйи бодлоор Монгол улс уул уурхайн салбар руугаа чиглэж, түүндээ анхаарал хандуулан бодлого зөв байж үйл ажиллагаа явуулах нь зүйтэй. Жишээ нь, томоохон төслүүд хөдөлж байна. Үүнтэй адил Сентерра гоулд, Гацууртын уурхай гэхчилэн төслүүд урагшаа явах юм бол ажлын байр нэмэгдүүлэх болон эдийн засагт үр өгөөжөө өгч тус салбарт ач холбогдолтой юм. Тэгэхээр эдгээр томоохон төслүүдийг хөдөлгөөсэй гэж бодож байна.
- Монгол улсад гадны компаниуд ажиллах эрх зүйн орчин таатайгаар бүрдэж чаддаг уу? Эсхүл зөрчилтэй зүйл байгаа юу?
- Шинэ Засгийн газар ажлаа маш сайн хийж байна гэж харж байна. Гэхдээ хийх ажил цөөнгүй үлдсэн байгаа. Энэ нь юу вэ гэхээр, энэ төсөл, энэ бизнес, энэ компаниуд орж ирээд үйл ажиллагаагаа явуулах гээд хүлээгдэж байгаа. Тэгэхээр эдгээр нь ар араасаа үйл ажиллагаагаа явуулаад эхлэх юм бол тус салбар эргээд сэргэх боломжтой гэж бодож байна. Яг энэ бизнесүүдийг урагшлуулах хэрэгтэй байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна