Нийслэлээс 55 км-ийн зайд орших Төв аймгийн Алтанбулаг сум дахь Тавантолгойн цэргийн ангийн сургалтын төвд дадлага сургууль хийж байсан Зэвсэгт хүчний 311 болон 350-р ангийн цэргүүдийн гранат дэлбэрч хоёр хүн нас барж, найман хүн шархадсан харамсалтай хэрэг гарсан. Ослын талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийлээ.
ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Зэвсэгт хүчний анги салбарууд ЗХЖШ-аас баталсан 2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу хээрийн сургалт, дадлага, байлдааны буудлага, харвалт хийгдэж байгаа.
Бүх анги салбар энэ сургалтын төгсгөлд командлалын болон төгсөлтийн шалгалт авагддаг. Зэвсэгт хүчний сургалтын төв буюу Таван толгой дахь 311, 350-р анги байлдааны буудлага хийх бэлтгэлээ хангах явцад осол болсон.
Ослын шалтгааныг тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон шуурхай комисс бид хууль хяналтын байгууллагынхантай хамтран газар дээр нь ажилласан.
Бид мэдээлэл авсаны дагуу Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон холбогдох байгууллагууд хамтарч шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа. Ослын улмаас хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан 350-р ангийн ахлагч Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нарын ар гэр, төрөл төрөгсдөд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өмнөөс эмгэнэл илэрхийлж байна. Мөн ажлын хэсгийнхэн Тавантолгойд очиж ослын шалтгааныг тогтоох ба шархадсан найман цэргийн албан хаагчийг Улаанбаатар хот руу авчрах, тэдгээрт эмнэлгийн үзлэг үйлчилгээ хийлгүүлэхээр ажиллаж байна. Одоогоор шархадсан цэргүүдийг Цэргийн төв эмнэлэгт авчирсан.
Амь эрсдсэн цэрэг Б.Мөнгөншагай нь 30 настай. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Өмнөд Судан, Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан чадварлаг цэрэг. Б.Ариунболд, Баян-Өлгийн аймагт төрсөн 24 настай. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Бүгд найрамдах Өмнөд Судан улсад мөн үүрэг гүйцэтгэсэн. Шархадсан найман албан хаагч бүгд 24-28 настай. Бэлтгэлийг амь эрсдсэн албан хаагч Б.Мөнгөншагай ахалж байсан. Батлан хамгаалах яам Зэвсэгт хүчний штабаас өчигдрөөс хойш шархадсан албан хаагчдын гэр бүлийхэнтэй холбоо тогтоож ажиллаж байгаа.
Мөн өчигдөр шөнөөс эхлэн тухайн газарт ажиллаж байсан зарим цэргийн албан хаагчдаас мэдүүлэг авч ажилласан. Амиа алдсан цэргийн ар гэрийнхэнд бид хуулийн дагуу 10 жилийн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно. Мөн ар гэрийнхэнд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж өгнө. Шархадсан цэргийн ар гэрийнхнийг орон нутгаас ирэх зардал унааг дааж, эмнэлэгт сахих боломжоор хангаж байгаа. Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалт хийгдэж, хэрвээ энэ осол Батлан хамгаалах яамны буруу гэж тогтоогдвол бид хариуцлагаа хүлээхэд бэлэн.” гэв.
Мөн хэвлэлийн хурлын үеэр Цэргийн төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар амиа алдсан хоёр цэргийн амийг аврах ямар ч боломж байгаагүй хэмээсэн юм.
Харин иргэд амиа алдсан цэргийн ар гэрийнхэнд хуулийн дагуу 10 жилийн цалинтай тэнцэх тэтгэмж олгох тухай шүүмжтэй хандаж байна. Иргэд,
- Нэг жилийн, одоогийн боловсрол эзэмшсэн цэрэгт галт зэвсэг бариулна гэдэг нь сохор үхэрт худаг бүү үзүүл гэдэгтэй амьсгал нэг бус уу?
- Хүний амийг мөнгөөр үнэлж, аюулгүй байдлыг умартаж аавын сайхан хүүхдүүдийг ингэж ч алах гэж дээ. Мөнгө өглөө гээд босоод ирэхгүй. Цаашид хичнээн хүний аминд хүрэх бол гэсэн айдас төрж байна. Учир нь ямар ч аюулгүй байдлын тогтолцоо байхгүйгээс ийм зүйл гарсан. Улс орныхоо энхийн төлөө явсан хоёр сайхан залуу ингээд хорвоогийн мөнх бусыг үзлээ. Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье.
- Үр хүүхэд нь том болж ажил хөдөлмөртөй болох хүртэл хүрэлцэх тэтгэмж өгөх хэрэгтэй. Энэ хэлж байгаа 10 жилийн цалинтай тэнцэхүйц тэтгэмж гэдэг тэдний уснаас хуурай л гарах арга. Хүний амийг юман чинээ бодохгүй мөнгө өгч хүний ам таглана гэдэг ямар эмгэнэлтэй вэ? Ийм байдал үүсгэхгүй тулд анхнаасаа аюулгүй байдлаа сайтар хангах хэрэгтэй байсан юм. Маш харамсалтай. Эдгээр цэргүүдийн цалин гэж тийм ч их биш байх.
- Удирдлага зохион байгуулалт маш муугаас ийм харамсалтай зүйл боллоо. Ард нь үлдэж байгаа ар гэрийнхэн нь яах вэ? тэдний сэтгэлийн шаналал мөнгөөр хэмжигдэхгүй шүү дээ.
Сэтгэгдэл байхгүй байна