Дөрөвдүгээр сарын 16-ны Ням гаригт туркчууд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах эсэх талаарх санал хураалтад оролцлоо. Туркийн Сонгуулийн дээд хорооноос мэдээлснээр урьдчилсан байдлаар санал хураалтад оролцсон хүмүүсийн 51,37 хувь нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэн бол 48,63 хувь нь дэмжээгүй байна. Энэхүү урьдчилсан дүнг мэдээлэх үед 600 гаруй мянган саналын хуудас тоологдоогүй байсан ч санал хураалтын дүнд нөлөөлөхгүй гэж үзэж байгаагаа Сонгуулийн дээд хорооны дарга Сади Гювен сэтгүүлчдэд хэлжээ.
Үндсэн хуулийн гол өөрчлөлт нь парламентын эрх мэдлийг хумьж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа юм. Тухайлбал, Ерөнхийлөгч нь Засгийн газраа бүрдүүлэх, төсвөө батлах, шүүгчдийг томилох зэрэг эрх мэдлийг өөр дээрээ авах юм. Мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг уртасгаж байгаа бөгөөд ингэснээр одоогийн Ерөнхийлөгч Реджеп Таийп Эрдоган 2029 он хүртэл албан тушаалдаа үлдэх боломжтой болох юм.
Ингэснээр Турк нь парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглал руу явах болж байна.
Албан ёсны тэмдэглэгээгүй саналын хуудсыг хүчинтэйд тооцон тоолсон хэмээн Сонгуулийн дээд хороо мэдээлсэн нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй байгаа туркчуудийн дургүйцлийг төрүүлсэн хэмээн гадаадын хэвлэлүүд мэдээлж байна.
Хэдийгээр санал хураалтын эцсийн албан ёсны дүн гараагүй ч Ерөнхийлөгч Эрдоган ялалт байгуулснаа зарласан байна. Стамбул дахь Ерөнхийлөгчийн ордны тагтан дээрээс Эрдоган товч мэдэгдэл хийсэн бөгөөд “Турк улс түүхэн шийдвэр гаргалаа. Ард түмэнтэйгээ хамт маш чухал өөрчлөлтийг хийж чадлаа” хэмээн мэдэгджээ. Мөн санал хураалтын дүнг хүндэтгэн үзэхийг уриалсан байна.
BBC-гийн мэдээлснээр Стамбул, Анкара, Икмир зэрэг Туркийн томоохон хотууд, мөн АНУ, ОХУ, Их Британид оршин суудаг туркчууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжээгүй бол Төв Европын орнуудад байгаа туркчууд дэмжсэн санал өгчээ.
Туркийн сөрөг хүчний төлөөлөл болсон хоёр нам санал хураалтын дүнд эргэлзэж байгаагаа мэдэгдсэн. Курдуудын Ард түмний ардчилсан нам, Ард түмний Бүгд найрамдах нам санал хураалтын дүнд эргэлзэж байгаа тул дахин тооллого хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна