БНСУ-ын Ерөнхийлөгч асан хатагтай Пак Гын Хэд авлига авсан үндэслэлээр ял тулгалаа хэмээн тус улсын Прокурорын газраас мэдээлсний Ионхап агентлаг өнөөдөр /2017.04.17/ дамжууллаа. Пак Гын Хэгээс гадна Өмнөд Солонгосын Lotte Group-ийн ерөнхийлөгч Син Дон Бинд мөн ижил үндэслэлээр ял тулгаж байгааг Прокурорын газар мэдээлсэн байна.
Ингэснээр Пак Гын Хэд холбогдох хэргийг албан ёсоор шүүж эхлэх бөгөөд түүнд нийтдээ 13 зүйл ангиар ял тулгаж байгаа юм. Тухайлбал, авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн нууцыг задруулсан зэрэг зүйл ангиар буруутгаж байгаа.
Пак Сөүлийн саатуулах төвд хоригдсон хэвээр байх бөгөөд шүүх ажиллагаа хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Тус улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль тавдугаар сарын 9-нд болох бөгөөд сонгуулиас өмнө эхлэхгүй байх магадлалтай гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд бичиж байна. Шүүх ажиллагаа эхэлбэл дор хаяж зургаан сар үргэлжилж магадгүй. Мөн Пак Гын Хэд бүх насаар нь хорих ял өгч магадгүй байгаа юм.
Пак Гын Хэгийн дотнын найз Чой Сун Шилтэй холбоотойгоор эхэлсэн дуулиан явсаар Ерөнхийлөгчийн суудлаас огцроход хүргэсэн. Албан тушаалаа ашиглан том компаниудаас найзынхаа сангаар дамжуулан их хэмжээний мөнгийг авлига болгон авсан гэдгийг прокурор тогтоогоод байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна