• Эхлэл
  • Петербургийн дэлбэрэлтийн зохион байгуулагчийг баривчлав

Петербургийн дэлбэрэлтийн зохион байгуулагчийг баривчлав

2017/04/18

Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Санкт Петербург хотын метронд амиа золиослон, бөмбөг дэлбэлсэн хэргийн зохион байгуулагч байж болох сэжигтнийг өчигдөр /2017.04.17/ баривчилсан байна.

Сэжигтнийг Москва хотын Одинцово дүүргээс баривчилжээ. Сэжигтэн нь дундад Азиас гаралтай 27 настай Аброр Азимов байсан хэмээн ОХУ-ын Аюулгүйн албаны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Аброр Азимовыг Санкт Петербургийн метронд бөмбөг дэлбэлсэн амиа золиослогч Акбаржон Жалиловыг бэлтгэсэн хэмээн хууль хяналтынхан үзэж байгаа юм. Баривчлах үед тэрбээр биедээ буутай байжээ.

Метронд бөмбөг дэлбэлсэний дараах өдрүүдэд Санкт Петербург хотод хэрэгт холбоотой байж болох зургаан хүнийг баривчилсан бөгөөд тэд бүгд амиа золиослогч Акбаржон Жалиловтай нэг нутгийн хүмүүс байсан. Жалилов нь Киргизийн Ош хотод төрсөн бөгөөд тэнд узбекүүд суурьшдаг юм. Мөн Москва хотод дахин хоёр этгээдийг хэрэгт холбогдуулан баривчлаад байсан.

Баривчлагдсан хүмүүсийн оршин сууж байсан газарт хийсэн нэгжлэгээр метроны “Площадь Восстания” буудлаас олж илрүүлэн аюулгүй болгосон бөмбөгтэй төстэй эд материалыг олсон юм.

Дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 14.40 цагийн үед метроны “Сенная площадь” буудлаас хөдөлсөн галт тэрэг “Технологический институт” буудал хүрэх замд бөмбөг дэлбэрч 15 хүн амь үрэгдэн, 50-иад хүн хүнд хөнгөн шархадсан юм. Бөмбөг дэлбэрсэнээс нэг цагийн дараа “Площадь Восстания” буудлаас тэсрэх бөмбөг илрүүлж аюулгүй болгосон.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна