Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна гэдгийг УЦУОШГ-аас анхааруулсан. Одоогоор Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, зорчигч, жолооч нар анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Дөрөвдүгээр сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж салхи секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Ихэнх хугацаанд Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Сэтгэгдэл байхгүй байна