БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чинхаш” компанийн хууль бус үйл ажиллагаа болон Монгол ажилчдаа ажлаас нь халсан талаар тус компаниас халагдсан иргэдийн төлөөлөл хэвлэлийн хурал хийлээ.
Тус компани нь Дундговь аймгийн Говь-Угтаал суманд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө 2010 оны аравдугаар сарын 4-ний өдөр 5007Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “Адамсмайнинг” ХХК-иас шилжүүлэн авчээ.
Ийн хайгуулын зөвшөөрөл авсан ч ашиглалт, олборлолтоо эхлүүлэн үйл ажиллагаа явуулсан байна. Мөн тус уурхайд ажиллаж байгаад ажлаасаа халагдсан 27 Монгол иргэн байгаа бөгөөд тэд 2016 оны цалингаа аваагүй байгаа гэнэ. Ажлаас халсан шалтгаанаа “Чинхаш” компани Монголд эдийн засгийн хямрал нүүрлэсэн учраас ийнхүү ажилчдыг халсан гэх тайлбар өгдөг гэнэ.
Ажлаасаа халагдсан иргэд "Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш буюу 2012 онд албан ёсны ашиглалтын зөвшөөрлөө авсан. Тухайн үед ашиглалтын зөвшөөрлөө авч, үйл ажиллагаа явуулахын тулд орон нутгийн иргэдтэй уулзаж, суманд 14 төрлийн бүтээн байгуулалт хийхээр орон нутгийн иргэдээс амлалт авсан боловч одоо болтол нэг ч бүтээн байгуулалтын ажил эхлүүлээгүй байгаа. Мөн малчдын хүүхдүүдийн дотуур байр, сумын төвд орон сууц барих, нутгийн иргэдийг ажлын байраар хангах, жил бүр сум хөгжлийн санд 30 сая төгрөг хандивлах зэрэг амлалтууд авч байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ бүх амлалтаа биелүүлээгүй байгаа бөгөөд Монгол ажилчдыг шалтгаангүйгээр ажлаас нь халж, аялал жуулчлалын визтэй Хятад ажилчдыг ажилд авсан" гэв.
“Чинхаш” ХХК-ийн орон нутаг хариуцсан менежер байсан Б.Баярбаатар “Компанийн үйл ажиллагааг зогсоох, гаргасан зөрчлүүдээ арилгах мэргэжлийн байгууллагын акт гаргаж, үйл ажиллагааг нь зогсоодог ч хуулийг уландаа гишгэн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Тухайлбал, өнгөрсөн 2014 онд хууль хяналтын байгууллагууд шалгалт хийж, ТЭЗҮ-ийн дагуу ажил явуулаагүй, зориулалтын зам тавиагүй, хаягдал овоолгыг өнгөн хөрсөн дээр асгасан гэх мэт зөрчлүүдээ арилгах гурван сарын хугацаа өгч, зарим үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гаргаж байсан.
Гэтэл өнөөдрийн хүртэл гаргасан зөрчлүүдээ арилгаагүй, дээрээс нь хууль зөрчиж, Монгол ажилчдыг халах, цалинг нь өгөхгүй байх зэрэг зөрчлүүд удаа дараа гаргасаар ирсэн. Тиймээс бид ажилласан цалингаа авах, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг “Чинхаш” компаниас хүсч байна” гэв.
Харин иргэд дээрх асуудалд ийн хандаж байна. Иргэд,
- Хятад ажилчдыг нь албадан гарга. Ажлын байраа Хятадуудад алдалгүй ажил голохгүй ажиллах нь Монгол залуусын үүрэг.
- Төр иргэдээ Оюутолгой, Тавантолгой руу харуулж хошгоруулж суулгачаад ар хударгаар нь Монголын баялагийг чимээгүй үнэгүй зөөж байгаа энэ олон уурхайнуудыг хаах хэрэгтэй.
- Залууст ажилллах нөхцөл боломж айдасгүй байдлыг бий болгох хэрэгтэй. Хятадуудыг ажиллуулж байгаа нь ажлын байраа алдах вий гэсэн айдсыг бий болгож байна. Төр засаг нь түмэн олноо бус Хятадуудыг дэмжиж ажиллаж байгаа нь илт байхад энэ байдлыг зүгээр харсаар сууж болохгүй.
Сэтгэгдэл байхгүй байна