БНСУ-ын Ерөнхийлөгч асан хатагтай Пак Гын Хэг шүүх анхан шатны хурал тавдугаар сарын 2-нд болно гэж Ионхап агентлаг Сөүл дүүргийн шүүхийн эх сурвалжид үндэслэн мэдээлжээ.
Анх Пакын дотнын найз Чой Сун Шилээс үүдсэн дуулиан зургаан сар орчим үргэлжилсэний эцэст гуравдугаар сард Пак албан тушаалаасаа огцорсон. Авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг 13 зүйл ангиар Пакыг буруутган прокурор шалгаж эхэлсэн боловч энэ долоо хоногийн эхээр Прокурорын албанаас мэдээлснээр Пакыг буруутгаж байгаа зүйл анги нэмэгдэн 18 болсон. Тухайлбал, улсын нууц задруулсан гэсэн зүйл анги нэмэгдсэн юм. Түүнд бүх насаар хорих ял оноож магадгүй хэмээн олон хүн таамаглаж байна.
“Самсунг”, “Лотте”, SK зэрэг Өмнөд Солонгосын том корпорациудаас авсан авлигын нийт хэмжээг 59 тэрбум 200 сая вон гэж үзэж байгаа бөгөөд үүнээс хамгийн их хэмжээний буюу 36 тэрбум 800 сая воныг “Самсунг” корпорациас авсан гэж буруутгаж байгаа юм.
Пак Гын Хэ нь Өмнөд Солонгосын түүхэнд авлига авсан хэргээр шүүхэд шүүгдэхээр болж буй гурав дахь ерөнхийлөгч болж байна.
Пак Гын Хэг огцорсоны дараа Ерөнхий сайд Хванг Ко Ан Ерөнхийлөгчийн үүргийг давхар гүйцэтгэж байгаа юм.
Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль тавдугаар сарын 9-ны өдөр товлогдоод байгаа.
Шүүх хуралд Пак өөрийн биеэр оролцох эсэх нь тодорхойгүй байна. Энэ хуралд заавал биеэр оролцох албагүй юм.
Сэтгэгдэл байхгүй байна