Улсын арслан Н.Батсуурь, Өвөр Монголын арслан А.Батжаргал нарын халз барилдаан өнгөрөгч бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Монголын бөхийн өргөөнд болно гэсэн зар тараад байсан юм.
Хасар бөхийн төрлөөр болох энэхүү барилдааны талаар ч арслан Н.Батсуурь өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан.
Хоёр бөх таван удаа барилдаж, ялагчаа тодруулах байсан ч барилдаан цуцлагдсан. Энэхүү барилдаан яагаад цуцлагдах болсон талаар Монголын Үндэсний бөхийн холбооноос тодрууллаа. Тус холбооноос дараах тайлбарыг өглөө.
“Халз барилдаан зохион байгуулах болсон талаар Өвөрмонгол залуу буруу ойлголттой байснаа ойлгосон.
Учир нь Монгол бөхийн өргөөнд болох барилдаан 50 мянган төгрөгийн тасалбартай бөгөөд олсон орлогоос тодорхой хувийг өгөх талаар ярьж байсан. Бид барилдааныг зохион байгуулах талд хэлсэн байгаа. Монгол бөх бол дэг жаягтай.
Хэн нэгэн мөнгөтэй хүн орж ирээд, ийм ч тэмцээн зохион байгуулья гээд байвал бидэнд ямар санагдах вэ? Тиймээс иймэрхүү халз барилдааныг хийхээр бол хоёр талаас маш сайн ярилцаж байж хийх ёстой.
Цаашид ийм барилдааныг хийх хүсэлтэй байгаа бол харилцан тохиролцоонд хүрч хийхийг албан ёсоор зөвлөсөн. Тайлбарыг барилдааныг зохион байгуулахыг хүссэн Өвөрмонгол залуу хүлээж авсан.
Тиймээс барилдаан цуцлагдсан юм. Бид урд хөрштэйгээ байнгын хамтын ажиллагаатай. Бөхчүүд Өвөрмонголд очиж барилддаг. Удахгүй Шилийн гол аймгийн урилгаар найман бөх очиж барилдана. Энэ бол хоёр талын ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр болдог. Тиймээс бид монгол бөхийн ёс жаяг, дэгийг авч үлдэхийг хүсдэг учраас зарим нэгэн саналд анхаарах болно” гэсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна