ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
2017 оны 4-р сарын 28-ны өдөр
Монгол улс атар газар эзэмшиж газар тариалангийн аж ахуйг өргөн цар хүрээтэй эрхэлснээс хойш даруй нэгэн жаран өнгөрөх гэж байна. Энэ 60 жилийн хугацаанд Монгол улс өөрийн хүн амыг тариа буудай, хүнсний ногоо, жимс жимсгэнээр хангаж ирлээ.
Он удаан жил ашиглагдсан хөрс олон хүчин зүйлийн улмаас элэгдэж, доройтолд орсон төдийгүй хөрс үржил шим багатай, хүний биед шаардлагатай байдаг микроэлементүүдгүй болдог учир хөрсийг тэтгэж шим тэжээл өгөх нь зүй ёсны хэрэг билээ. Дэлхийн газар тариалангийн байгууллагуудаас гаргасан судалгаагаар дэлхийн хөрс ихэд гэмтэж эвдэрсэн, элэгдэж доройтсон, хөрсөнд агуулагдаж байдаг микроэлемент, нэн шаардлагатай азот, фосфор, кали зэрэг байхгүй болсноос үүдэн хэрэглэгч авч чадахгүй байгаа амин дэмээ эм, нэмэлт бүтээгдэхүүнээс авах болсныг тодорхойлжээ.
Органик хүнс хэрэглэх, бие махбодид шаардлагатай байгаа бичил элементийг авахад хүний биед хор үзүүлэхгүй органик бордоо ашиглах хэрэгтэй болж буй юм.
Монгол эрдэмтэн, гавьяат багш, зөвлөх агрономич, доктор профессор А.Чойжамцын олон жилийн судалгаа, туршилтын үр дүн болох Монгол улсын Оюуны Өмчийн газраас патентлагдсан оюуны бүтээл бол Экологийн бордоо юм. Малын бууц болон шувууны сангасыг тусгай технологиор боловсруулан нян бактеригүй болгож азот, фосфор, кали зэрэг микроэлементээр баяжуулан хөрсийг тэтгэж ургацыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү бордоог “Гарааны Монгол Экологийн Бордоо” ХХК үйлдвэрлэж эхлээд байна. Атрын 3-р аяны хүрээнд тус компани 1,000 тонн бордоог ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлэхээр боллоо.
“Гарааны Монгол Экологийн Бордоо” ХХК гурван төрлийн бордоо болох эрдэс холимог, органик эрдэс холимог, шимт үрлэн бордоог үйлдвэрлэж байна. Манай бордооны үйлдвэр нь Монгол улсын ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн газар тариалангийн эрдэмтэн багш нарын “Инновацийн төсөл”-ийг хэрэгжүүлэгч Монголын анхны бордоо үйлдвэрлэгч үндэсний үйлдвэр юм. Жилдээ 30-50 мянган тонн экологид ээлтэй эрдэс үрлэн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бидний үйлдвэрлэсэн бордоог ил талбай болон хүлээмжийн газар тариаланд ашиглах бүрэн боломжтой.
“Гарааны Монгол Экологийн Бордоо” ХХК-ийн бордооны үйлдвэрийн албан ёсны нээлт, бүтээгдэхүүний дээжээ Тариалан эрхлэлтийг дэмжих санд гардуулан өгөх ёслолын ажиллагаа 2017 оны 4-р сарын 30-ны Ням гаригт 10.30 цагт бордооны үйлдвэр дээр болно.
Та бүхнийг эко хүнсний шим тэжээл болох экологийн бордооны үйлдвэрийг ирж сурвалжлахыг урьж байна.
Манай хаяг: Төв аймгийн Баянчандмань сумын Шандын ам
(Өндөгний үйлдвэрийн урд талд)
Холбоо барих: 9909 5517, 9194 0014, 9409 6691
Сэтгэгдэл байхгүй байна