Эх орончдын нэгдсэн эвслээс УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэл хийлээ.
Эх орончдын нэгдсэн эвслийн тэргүүн Г.Ганбат "УИХ-ын хурал 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн шилжүүлэх тухай түүхэн тогтоол гаргасан. Энэ нь ард түмний магнайг тэнийлгэсэн хэрэг болсон юм. Гэтэл өнөөдөр гурван сар өнгөрчихөөд байхад энэ ажил саармагжсан.
Энэ нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн хүрээлэлд шургалсан, Монголын төрд бодитой оршиж байгаа МАНАН бүлэглэлийн дарамт шахалтаас шалтгаалсан байх магадлалтай гэж бид үзэж байгаа юм. Тийм учраас өнөөдөр Монголын төрд нүүрлээд байгаа энэхүү МАНАН бүлэглэлийн толгойлогчид тодорхой боллоо.
Яагаад өнөөдөр тогтоол гарчихсан байхад УИХ-ын дарга М.Энхболд энэ тал дээр өдий болтол дорвитой арга хэмжээ авахгүй байгаа юм бэ?
Энэ байдал нь өнөөдөр явсаар УИХ-ын тогтоол, ЗГ-ын гаргасан тогтоол шүүхэд түдгэлзэхэд хүрч байна. Ийм учраас өнөөдрийн МАНАН бүлэглэлийн нэг толгойлогч нь УИХ-ын дарга М.Энхболд гэж бид үзэж байна. Мөн дараагийн толгойлогч нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэж үзэж байна. Тиймээс бид энэхүү хоёр толгойлогчид шаардлага хүргүүлж буй юм" гэв
Эх орончдын нэгдсэн эвслийн тэргүүлэгч С.Ганбаатар "Валютын сангийн өнөөдрийн гаргаж байгаа шийдвэрээс харахад Монгол Улс Рио Тинтогийн улс нэртэй уурхай болж хувирсан байна. 13 жил бид ярьж байна. Энэ янзаар бид чимээгүй хараад суувал үр хүүхдүүд маань гутах байх даа. Валютын сан зээлээ өгөхгүй байгаа нь Монгол төрийг УИХ-ын 76 гишүүн удирдаж байгаа биш, харин Рио Тинто түүний гар хөл болсон валютын сан Монголын хууль тогтоомжуудыг өөрчилдөг болоод байна. Ийм л гунигтай байдал бидэнд ирсэн байна" гэв.
Сэтгэгдэл байхгүй байна