Гарааны “Монгол экологийн бордоо” ХХК-ийн үйлдвэрийн нээлтийн үйл ажиллаанд УИХ-ын гишүүн Н.Энхболд уригдан оролцлоо. Тэрээр энэхүү үйлдвэрийг төр засаг дэмжиж ажиллах хэрэгтэй хэмээсэн бөгөөд иргэд эрүүл хүнс хэрэглэх боломж бий гэдгийг ч санууллаа.
Ингээд УИХ-н гишүүн Н.Энхболдтой ярилцсан яриаг хүргэе.
Үйлдвэрийн үйл ажиллагааг цаашид Монгол улсын ирээдүйд хэрхэн нөлөөлнө хэмээн тооцоолж байна вэ?
Бидний хувьд онцгой чухал ач холбогдолтой давхар давхар үйл явдал болж байна.
Төв аймгийн Баянчандмань сум буюу миний сонгогдсон тойрог дээр Гарааны шинэжлэх ухаан үйлдвэрлэлийг холбосон үйлдвэр бий болж байна. Манай нутгийн 40-д иргэд энэ үйлдвэрт ажиллаж байна.
Мөн энэ үеэр эдгээр ажилчдын цалинг асуулаа. Орон нутагт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд боломжын цалинтай үйлдвэр нээгдэж байна.
Ер нь бол Монгол улсын эрдэмтдийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг үйлдвэртэй холбож дундаас нь үр ашиг гаргах асуудлыг олон жил ярьж байсан ч доривтой үр дүнд хүрч байгаагүй. Тэгвэл Гарааны ”Монгол экологийн бордоо” ХХК-ийн үйлдвэр ХАА салбарт дээрх асуудлын эхлэлийг тавьсан том үйлдвэр боллоо гэж бодож байна.
Энэхүү үйлвэр нь жилдээ 3000 тонн бордоо үйлдвэрлэнэ гэдэг нь хэмжээний хувьд ч тэр жинхэнэ мэдлэгийг бүтээгдэхүүн болгох энэ асуудалтай холбож бодсон ч гэсэн их чухал ач холбогдолтой үйлдвэр байна.
Цаашид дотоодын эрдэмтдийн бүтээлийг манай хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэн төр засгийн зүгээс дэмжиж хосолсон дундаас нь өндөр үр шим гарах үйлдвэр болгоосой гэж хүсч байна.
Тус салбарт шаардлагатай, тулгамдаад буй асуудлын тухай бодлоо илэрхийлнэ үү?
Газар тариалангийн салбарт хамгийн их үгүйлэгдэж байгаа шаардагдаж байгаа зүйл бол хөрсний чанар, ургац нэмэгдүүлэх асуудал бий.
Хуучин социолизмийн үед зохион байгуулалт, төлөвлөгөөтэйгээр хөрсний үр шимийг хадгалах ажлыг нарийн хийдэг байсан.
Сүүлийн 20-иод жил ярихаас цаашгүй үйлдвэрлэл эрхэлж байгаа өөрсдөө зовлон жаргал үүрэлцэж байгаа хүмүүс хөрөнгө мөнгө гаргаж өөрсдийн бололцооны хэмжээгээр гол төлөв гаднаас бордоо оруулж ирж, эсхүл дотоодынх үр ашиггүй сайн биш бордоо хэрэглэж байсан бол одоо эндээс Монголын хөрсөнд тохирсон, хэрэгтэй эрдэсүүдийг оруулсан, орон нутгийн түүхий эдийг ашиглан үйлдвэрлэдэг бордоо хийнэ гэдэг бол маш чухал юм.
Энэ нь тухайн тухайн жилийн бус үр ашгийн тухай асуудал огт биш. Хөрсийг тэжээж байгаа явдал юм. Мөн газар дэлхийг тэжээж, эрүүлжүүлж байгаа, зөвхөн ургац авах бус хөрсөө олон жил үр шимтэй зөв ашиглах тал дээр чухал үр дүн өгч буй арга хэмжээ болж байна гэж бодож байна.
Монгол Улс уул уурхайн салбараас хараат эдийн засагтай. Тэгвэл уул уурхай гэлтгүй ХАА салбар эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломжтой юу? Салбар ач холбогдол нь юу вэ?
Монгол улс дан уул уурайгаар бүх юмыг аваад явах ирээдүй байхгүй. Мэдээж уул уурхайн салбар, хуримлал бий болгох дараа дараагийнхаа салбарыг хөгжүүлэх хөрөнгө мөнгө орлого олдог талаараа ашигтай. Гэхдээ цаашдаа тэр бол дундардаг, дуусдаг баялаг. Байгалийн баялаг ХАА-н бүтээгдэхүүнтэй үйлдвэрлэл, үйлчилгээ гэдэг бол эх үүсвэр нь байнга байж байдаг. Байнга өсч үржиж байдаг салбар юм. Тэгэхээр энэ салбараа дэмжиж байж Монголын эдийн засгийг нэг талаас хамааралтай биш олон талаас хамааралтай солонгорсон эдийн засгийг бий болгох сэтгэлгээний хувьд тохиромжтой, туршлагатай хүмүүстэй энэ салбараа хөгжүүлэхэд онцгой анхаарах ёстой. Үүнд бидний анхны оруулж байгаа Гарааны “Монгол экологийн бордоо” ХХК-ийн үйлдвэр чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна.
Сүүлийн жилүүдэд химийн бордоогоор бордож байж их жинтэй, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн бүтээгдэхүүн гаргаж байгаа гэж ярьдаг. Энэ тал дээр таны бодол ...
Олон жил газар тариалангаар амьдараад ирсэн суурин сууршилтай улс орнуудын хөрс нь ямар ч үр шимгүй болсон, химийн бордоогоор бордож байж том хэмжээтэй, хүний ходоод гэдэс дүүргэсэн хүнс гаргаж байна гэж ярьдаг. Тэгвэл манайх байгаль бүр ч тийм хүнд байдалд орж дордоогүй байна. Үүнийгээ тэтгээд цэвэр хөрсөн дээр нь экологийн цэвэр бүтээгдхүүн үйлдвэрлэж гаргавал энэ нь Монголын брэнд болсон салбар байх бүрэн боломжтой. Тэгэхээр ийм салбарыг бий болгоход өнөөдрийн сууриа тавьж буй “Монгол экологийн бордоо” ХХК-ийн үйлдвэр маш том үүрэг гүйцэтгэнэ. Ганц энэ үйлдвэр бүх хэрэгцээг хангаж чадахгүй.
Гэхдээ хөрөнгө оруулагчид эрдэмтэдтэйгээ нийлж улсын хэмжээний санаачлагыг дэмжиж дахин үүн шиг үйлдвэрүүдийг бариасай гэж бодож байна. Дээрх үйлдвэр дангаараа дотоодоо бордоогоо хангаад зогсохгүй. Хэрэв бид дотоодын эрдэмтдийн тархинаас гарсан мэдээлийг, үйлдвэрлэл, хөрөнгө оруулагчид хамтарч байхад яваандаа бордоо нь дангаараа экспортын орлого, эх үүсвэр болох боломжтой.
Сэтгэгдэл байхгүй байна