Гарааны "Монгол экологийн бордоо" ХХК-ны үйлдвэрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа Төв аймгийн Баянчандмань сумын Шандын аманд /2017.04.30/ боллоо. Энэхүү үйл ажиллагаанд тус салбарт хамрагдах албан тушаалтнууд болон салбарийн сайд хүртэл оролцсон юм.
Монгол эрдэмтэн, гавьяат багш, зөвлөх агрономич, доктор профессор А.Чойжамцын олон жилийн судалгаа, туршилтын үр дүн болох Монгол улсын Оюуны Өмчийн газраас патентлагдсан оюуны бүтээл бол Экологийн бордоо юм. Малын бууц болон шувууны сангасыг тусгай технологиор боловсруулан нян бактеригүй болгож азот, фосфор, кали зэрэг микроэлементээр баяжуулан хөрсийг тэтгэж ургацыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү бордоог “Гарааны Монгол Экологийн Бордоо” ХХК үйлдвэрлэж эхлээд байна. Энэ үеэр Атрын 3-р аяны хүрээнд тус компани 1,000 тонн бордоог ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлэхээр боллоо.
ХААИС-ын захирал Т.Хэрүүгатай ярилцлаа.
- “Монгол экологийн бордоо” ХХК-ийн үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож буй сэтгэгдэлээ хуваалцана уу?
- Гарааны “Монгол экологийн бордоо” ХХК-ийн анхны нийлүүлэлтийн чухал өдөр.
Тэгэхээр өнөөдөр ХАА-ын салбарын эрдэмтэн судлаачдын олон жилийн судалгааны үр дүнд суурилсан инновацийн бүтээгдэхүүний нэг болох “Монгол экологийн бордоо”-г ХАА салбарт бизенс эрхэлж байгаа, мөн хувиараа бизнес эрхэлдэг том жижиг бүхий л хүмүүст хүргэх зорилготой.
Уг салбар хэзээ ч хаана ч мөн чанар, байр сууриа алдадгүй чухал салбар юм. Бордоо эрүүл зөв бүтэцтэй байж газар тариалангаас авч буй бүтээгдэхүүн эко байна. Эрүүл зөв хүнс хэрэглэсэнээр хүн төрөлхтөн эрүүл аж төрдөг. Энэ их чухал ажлыг эхлүүлж байгаа Монгол эрдэмтэн, гавьяат багш, зөвлөх агрономич, доктор профессор А.Чойжамцын багийнхан, бусад хүмүүст талархал илэрхийлмээр байна.
- Салбарын хөгжлийн тухайд эдийн засагт нөлөөлөхүйц байх боломжтой юу?
- Боломжтой. Монгол Улсад Уул уурхайгаас гадна хамгийн хөгжих боломжтой, улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлж хувь нэмэр оруулах салбар бол ХАА-н салбар юм. Тус салбар нь ДНБ-ний 18 орчим хувийг эзэлж буй. Энэ тоо цаашид улам нэмэгдэх байх гэж бодож байна. Хөдөө аж ахуйн их сургуулийн профессоруудын гаргасан 600 орчим инновацийн бүтээгдэхүүн байгаа. Үүнээс 365-г нь каталог болгон бизнес эрхлэгчдэд хүргүүлсэн.
- Монгол Улсад гарааны хичнээн компани байгаа вэ? Тэдгээрийн хэд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
- Монгол Улсад 32 гарааны компани байгуулагдсанаас 15 компани манай салбарын эрдэмтдийн бий болгосон компани байгаа юм. Энэхүү үйл ажиллагаагаа эхэлсэн 15 компанийн нэг нь бөгөөд бусад компаниудыг манлайлж ажиллаж байгаа үйлдвэр бол Гарааны “Монгол экологийн бордоо” ХХК юм. Засгийн газрын бодлого ХАА-г хөгжүүлэх, энэ салбар дээр түшиглэж эдийн засгаа бэхжүүлэх зорилготой байгаа. Монгол Улсын Загсийн газар, Хүнс Хөдөө аж ахуйн салбараас зарлаж хэрэгжүүлж буй аян, хөтөлбөрүүдэд ХАА-н сургуулийн эрдэмтэн судлаачид сургалтаараа дамжуулан аль болох тус дэм болж идэвх чармайлттай ажиллана гэж бодож байна.
- Салбарт тулгамдаж буй асуудал буй хөрөнгө мөнгөний асуудал хэрхэн шийдэгдэж байна вэ?
- Мэдээж хөрөнгө мөнгө тийм ч хүрэлцээтэй биш байгаа ч гэсэн өөрсдийн дотоод нөөц бололцоог ХААИС дээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд аль болох хамтран ажиллаж байгаа субьектүүдэд санхүүгийн дарамт учруулахгүйгээр хамтран ажиллахыг хичээж байна. Энд ХХААХҮЯ дэмжиж Монгол экологийн бордоо ХХК-ийн үйлдвэрлэж буй бордооноос 1000 тонныг худалдаж авахаар шалгаруулсан. Өнөөдөр 300 тонн нь ачигдаж байна. Тиймээс компаниуд өөрсдөө санхүүгийн хувьд бэхжээд ирвэл үйл ажиллагаа, технологи сайжрана. Өнөөдөр Гарааны компаниуд дөнгөж эхэлж байна. Миний хувьд эдгээр компаниудыг үндэсний хэмжээний том компани болж, улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж чаддаг болох байх гэж найдаж байна.


Сэтгэгдэл байхгүй байна