Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Энэ удаагийн сонгуульд МАХН, МАН, АН-аас гурван нэр дэвшигч тодорч өрсөлдөнө. Энэ долоо хоногт багтаан СЕХ-нд бүртгүүлэх хуулийн заалттай.
МАН нэр дэвшигчээ маргааш тодруулна. МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвших бэлтгэлээ хэдийнээ базаагаад эхэлсэн.Тийм болохоор түүнд өрсөлдөгч үгүй гэж дүгнэж болохоор байгаа юм.
Харин АН энэ сарын 6-нд буюу бямба гаригт хуралдах VIII Их хурлаараа тодруулах аж. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө” гэсэн мэдэгдэл хийсэн байгаа. Гэвч Н.Энхбаяр ийнхүү яаран мэдэгдэл хийсэн нь Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн баасан гаригт гаргасан шийдвэртэй холбоотой гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хууль болон Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй гэгдэж байсан түүний хувьд өөрт нь хуулиар зориуд хязгаар тавьж байна гэж мэдэгдсэн юм. МАХН-ынхан энэ сарын 5-ны баасан гарагт болох Бага чуулганаараа хэнийг сойхоо шийдэх юм байна.
Өнгөрсөн сард МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гарсан. Бид энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодруулахад “Монгол Ардын Хувьсгалт намыг дэмжин ажиллана” хэмээн хэллээ. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуунд Ерөнхийлөгчид нэр дэвших санал тавьсанаа мэдэгдээд байгаа юм. Тэгвэл өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН-аас таван эрхэм Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн бөгөөд Бага чуулганаараа нууц санал хураалт явуулж, сонгоно гэсэн юм.
АН-ынхан ч мөн нууц санал хураалтаар шийднэ. Одоогоор УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Х.Баттулга, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Гадаад хэргийн сайд асан Л.Болд, Нийтлэлч Баабар, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөхөөр болоод байгаа. Тэгвэл уг нэр дэвшигчдийг АН-ынхан өнөөдөр бүртгэж, нийт гишүүдийн санал асуулга явуулах аж. Улмаар хамгийн олон санал авсан гишүүдээ энэ сарын 6-нд болох VIII Их хурлаараа нууц санал хураалт явуулж баталгаажуулах юм байна.
Хуулиараа намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө буюу ирэх тавдугаар сарын 2-ноос эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана. Сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 6-25-ыг дуустал үргэлжилнэ гэж заажээ.
Сэтгэгдэл байхгүй байна