Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуульд үүсээд буй бодит нөхцөл байдлын талаар өнөөдөр тус сургуулийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл “MN-Мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.
Тэд хэвлэлийн бага хурал зарласан шалтгаанаа үр хүүхэд нь сурч боловсрох нөхцөл бололцоо муу байгаа учраас үүнийг төр засагт хүргэхээр ийнхүү эвлэлдэн нэгдсэнээ дуулгалаа.
Монгол Улсын хэмжээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгодог ганц сургууль байдаг нь 29 дүгээр тусгай сургууль. Гэтэл энэ сургуульд сургалтын хөтөлбөр, стандарт гэж байхгүй. Бичиг үсгийн боловсролгүй, бичих чадваргүй, уншаад юм ойлгохгүй ийм түвшинд л суралцаж байна хэмээн тэд тус сургуулийн арга зүй, стандартад шүүмжлэлтэй хандлаа.
Жишээ нь авиа тавилтын хичээлийг долоо хоногт нэг удаа зааж байгаа нь хангалтгүй гэв. Дохионы хичээл ч бага цагаар заадаг. Тэд БСШУЯ боловсон хүчнээ бодлогоор бэлдэх ёстой хэмээн шүүмжиллээ.
Хүүхдүүд эцэг эхдээ дохионы хэл муу ойлгодог болон сурах бичгийн хүрэлцээ маш муу талаар байнга хэлдэг байна. Уг нь сонсголгүй хүүхдүүд харах мэдрэхүйгээр дамжуулан суралцах бүрэн боломжтой тул сурах бичиг их чухлыг тэд онцолж байлаа.
Дээрх шалтгаануудын улмаас хүүхдүүдийн сурах боломж хаагдмал байгаад эцэг эхчүүд гомдолтой байна. Мөн сургуулийн захирлыг халсан ч заах арга зүйг өөрчлөхгүй бол ямар ч үр дүн гарахгүй гэж хэвлэлийн хуралд оролцсон эцэг эхчүүд үзэж байв.
Сэтгэгдэл байхгүй байна