• Эхлэл
  • Мүүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Мүүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2017/05/10

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ авлигын хэргийн улмаас гуравдугаар сард албан тушаалаасаа огцорч, түүнийг орлох хүнийг сонгох нөхөн сонгууль явуулах болсон юм. Тэгвэл ийнхүү БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд либерал улс төрч Мүүн Жэ Ин ялалт байгууллаа.

Мүүн сонгуульд ялснаар сүүлийн хэдэн сарын турш Өмнөд Солонгост өрнөж байгаа улс төрийн тогтворгүй байдал цэгцрэх замдаа орж байна. Өчигдөр орой Сөүлийн төв талбайд цугларсан олны өмнө Ардчилсан Намын нэр дэвшигч Мүүн Жэ Ин үг хэлэхдээ “Би улс орноо нэгтгэхийг хүсч байна” гэсэн юм.

 Таван жилийн өмнө улс төрд орсон хүний эрхийн хуульч асан тэрээр “Би бас намайг дэмжээгүй хүмүүсийн ерөнхийлөгч байхыг хүсч байна” гэжээ. Сонгуулийн нийт дүнгийн 80 хувь тодроод байхад Мүүн 40 орчим хувийн санал аваад байгааг Сонгуулийн Үндэсний хороо мэдээлсэн байна. Түүний дараа өмнөх эрх баригч консерватив намын нэр дэвшигч Хон Жүн Пё 25.5 хувийн саналтай байгаа бол төв үзэлтэй улс төрч Ан Чол Сүү 21.4 хувийн санал авчээ. Эдгээр хоёр нэр дэвшигч ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна.

Сонгогчдын ирц 77.2 хувьтай байсан нь сүүлийн 20 жилд байгаагүй өндөр үр дүн болжээ. Гэхдээ 80 хувь хүрнэ гэж төсөөлж байсантай харьцуулахад бага байгаа нь цаг агаарын таагүй байдал нөлөөлснийх гэж үзэж байна.

Өнөөдөртөө багтаж Мүүн Жэ Ин тангараг өргөн, таван жилийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлнэ. Тэрээр тансаг сүртэй ёслол хийлгүйгээр шууд ажилдаа орно гэж хэлжээ.  Өмнөх ерөнхийлөгчийг огцруулах тэмцлийг манлайлсан залуу үеийнхэн Мүүнийг голлон дэмжсэн нь судалгаанаас харагджээ.

Харин 60-70 насныхны 22-25 хувь л Мүүнийг дэмжсэн нь түүний Хойд Солонгостой харилцах харилцаанд зөөлөн бодлого барьдгаас болсон гэж судлаачид үзэж байна.  Ямартай ч өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн тогтворгүй байдалтай байгаа Өмнөд Солонгосын улс төрийн амьдрал цэгцрэх шатандаа орлоо.

 

Эх сурвалж: Reuters


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна