Бидний амьсгалж буй агаарыг цэвэрлээд, үр дүнд нь эрчим хүч гаргана гэдэг бараг л мөрөөдөл мэт сонсогдоно. Тэгвэл Бельгийн эрдэмтэд энэ мөрөөдлийг бодитой зүйл болгохоор шаргуу ажиллаж байна.
Лёвен хотын их сургуулийн цахим хуудсанд бичсэнээр эрдэмтэд агаарын бохирдлыг эрчим хүч болгох аргыг амжилттай туршжээ. Эрдэмтэд тун энгийн бөгөөд орчин цагийн хоёр томоохон асуудлыг зэрэг шийдэх аргыг олсон аж.
Нэг нь цэвэр агаар, нөгөө нь өөр аргаар гарган авсан эрчим хүч. Судалгааны багийнхны бүтээсэн бяцхан төхөөрөмж нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд дунд нь тусгай нано материал ашиглан хийсэн мембран байршуулжээ.
Бохирдолтой агаар энэхүү мембран дахь катализатороор дамжин гарахдаа устөрөгчийн хий үүсгэж, үүнийхээ зэрэгцээ цэвэр агаар болох юм.
Судлаачдын тайлбарлаж буйгаар энэхүү төхөөрөмж нь одоогийн нарны хавтантай төстэй зарчмаар ажилладаг. Гэхдээ нарны хавтангаас ялгаатай нь төхөөрөмж шууд эрчим хүч үйлдвэрлэхгүй. Харин үүсэн устөрөгчийн хийг хадгалж, дараа нь түлш болгон ашиглах боломжтой.
Багийн ахлагч Профессор Семми Фербрюгген “Одоогийн байдлаар төхөөрөмж дөнгөж эхний шатандаа явж байна. Бид ирээдүйд илүү том хэмжээтэй, хэрэглээнд нэвтрүүлж болохуйц зүйл бүтээнэ гэдэгтээ итгэж байгаа” гэжээ.
Эх сурвалж: gogo.mn
Сэтгэгдэл байхгүй байна