Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хохирол ихтэй халаасны хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлжээ.
Тухайлбал,
2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр 13.00 цаг орчимд иргэн Ч.Баярбат нь Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудлаас “Шарга морьт-Дүнжингарав” чиглэлийн автобусанд сууж, СБД-н 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Капитрон” банк орох замдаа автобусан дотор цүнхэндээ байсан 12 сая 760 мянган вонн хулгайд алджээ.
Энэ мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нэг өдрийн дотор тухайн гэмт хэргийг үйлдсэн долоон этгээдийг шуурхай эрэн сурвалжлан, баривчилж, сэжигтэн этгээдүүд тухайн валютыг хуваан авсан байсныг хураан авсан байна.
Хохирогч Ч.Баярбат нь Солонгос улсад сурч байсан таван монгол оюутны сургалтын төлбөрийг автобусанд зорчих үедээ хулгайд алдсан бөгөөд эд зүйлийг хурдан шуурхай олж хохиролгүй болгосон аж.Сэжигтэн нар болох З, Т, Б, Б, М, Х, А нар нь 25-30 насны эрэгтэйчүүд бөгөөд удаа дараа ял шийтгэл эдэлж байсан, Нийслэл хотын гудамж талбай, автобусны буудлаар бүлэглэн явж халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг байжээ.Уг хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа бөгөөд сэжигтнүүдийг Хорих 0461 дүгээр ангид хорьсон байна.
Эх сурвалж gogo.mn
Сэтгэгдэл байхгүй байна