• Эхлэл
  • Хоёр өөр санаачилга, хоёр өөр байр суурь

Хоёр өөр санаачилга, хоёр өөр байр суурь

2017/05/18

Бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд олон тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулж буй төсөлд зориулсан “Нэг бүс, нэг зам” чуулганд оролцогч, БНХАУ-ын дарга Ши Жиньпин хамтрагч тал болох ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан тус хоёр улс дэлхийн тогтвортой байдлын суурь хэмээн мэдэгдлээ.Ноён Путин хэлсэн үгэндээ бүс нутаг дахь Москвагийн санаачилга-Евразийн эдийн засгийн холбооны (ЕАЭЗХ) ач холбогдлыг тайлбарлаад, БНХАУ, ОХУ-ын тус тусын төлөвлөгөө нь бие биеэ нөхсөн цогц шинжтэйг онцлон өгүүлэв. Тэрбээр уг хоёр санаачилгыг “ирээдүйд тэмүүлсэн иргэншлийн төлөвлөгөө” хэмээн нэрлэсэн юм.Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын аварга санаачилгад нэгдсэн улсын зарим нь ноён Путиний ЕАЭЗХ-нд ч багтаж байгааг хуралдаанд оролцогчид анзаарахгүй өнгөрөх арга байсангүй. Жишээ нь, Төв Азийн хуучин Зөвлөлт засагт Казахстан, Кыргызстан зэрэг улс хоёр санаачилгад адилхан багтжээ.ОХУ-ын нөлөөний хүрээний улсуудад Хятад улс санаархаж байна хэмээн битүү хардсан нэгэн ч чуулганд байлаа.“Хятад улс Евразийн интеграцчилалд ноцтой үүрэг бүхий төв болон хувирч буй нь бидний хувьд урьд өмнө тулгарч байгаагүй, хамгаас таагүй асуудал” хэмээн ОХУ-ын ШУА-ийн Алс дорнодын судалгааны хүрээлэнгийн орлогч захирал Владимир Портяков илэн далангүй тайлбарлав. ЕАЭЗХ-г “Нэг бүс, нэг зам”-тай холбохын оронд Оросын санаачилгыг Хятадын төлөвлөгөөнд захируулаад хоцорч мэдэх нөхцөл үүссэнийг ноён Портяков анхаарууллаа.Үгээ болгоомжтой хэлж буй ноён Ши олон зуун тэрбум ам.долларын өртөгтэй “Нэг бүс, нэг зам” төсөл нь бүс нутгийн худалдааны бусад төсөлд сөрөг нөлөөгүйг онцлон дурдав. Бусад төсөлд ЕАЭЗХ, Турк улсыг турк хэлт бусад оронтой холбох “Дундын корридор” зэрэг санаачилга багтаж байгаа. Эдүгээ бодитой үйлчилж буй худалдааны бусад түншлэлийг орлох сонирхол Хятад улсад байхгүй гэдгийг ноён Ши тайлбарлав. “Манай санаачилга шинэ хөшүүрэг үүсгэхэд бус, харин ч оролцогч улсуудын хөгжлийн стратегийг нөхөж өгөх зорилготой” хэмээн БНХАУ-ын дарга мэдэгдлээ.Ноён Путин чуулганы хамгийн хүндтэй зочны статустай мөртлөө Хятадын санаачилга ОХУ-д өгөөжгүй байгаа эрс тэс нөхцөлийг Москва анхааралдаа авлаа. “Энэ удаагийн чуулган манай талд үр дүнгүй өнгөрлөө. Хятадын тал Оросын сонирхлыг татахуйц санал тавьсангүй” хэмээн ОХУ-ын эрдэмтдийн үндсэрхэг Еврази дэг дэмжигч хэсгийн төлөөлөл Юрий Тавровский тайлбарлав.Бээжинг үгэндээ оруулахын тулд Москва газар зүйн байрлалаа хөшүүрэг болгох нь зүйтэй талаар ОХУ-ын зарим шинжээч өгүүлж байна. Хятад нь ОХУ-гүйгээр Евразийг хамарсан тээврийн сүлжээг бүрэн ашиглаж чадахгүй. Ийм сүлжээ ашигласны төлөө төлж буй одоогийн төлбөрөөс хавьгүй ихийг Хятадаас шаардах эрх ОХУ-д бий хэмээн эдгээр шинжээч баталдаг.Өнгөрсөн оны байдлаар ОХУ-ын төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн 70 хувь БНХАУ-д ноогдож байв. Энэ нь үндсэндээ төв, өрнөд Хятадаас Европ хүрэх бараа бүтээгдэхүүний тээвэр. Мөн зүүн умард Хятадын нутгаас өмнөд Хятадын боомтууд хүрэх зарим барааны шилжүүлэн ачилтыг Номхон далай дахь ОХУ-ын боомтод хийдэг. “Нэг бүс, нэг зам” төслийн дагуу Хятадаас өрнөд Европ хүрэх төмөр болон авто замын ачаа тээврийн ихэнх нь ОХУ-ын урдуур өнгөрнө. Гэхдээ уг тээврийн Казахстанаас цааш үргэлжлэх хэсэг ОХУ-ын нутаг дэвсгэрийг дайрч байж Европ хүрэх юм.Улс орныхоо алслагдмал хэсгийн тээврийн дорой дэд бүтцийг Бээжингийн санаачилгаар сэргээн босгох гэсэн ОХУ-ын Засгийн газар, компанийн удирдлагын итгэл найдвар талаар боллоо. “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд хэрэгжих зарим дэд төсөл, жишээ нь Казахстаныг Пакистантай холбох төсөл хэрэгжээд эхэлчихсэн. Гэтэл Хятадын мөнгөөр ОХУ-ын алс дорнодыг хөгжүүлэх төлөвлөгөө, Хятад хөрөнгө оруулагчдын хүчээр өмнөд Оросын Казань хотыг Москватай өндөр хурдны замаар холбох төсөл орхигдлоо.Хятадын хөрөнгө оруулалтыг үгүйлэхээс ч илүү түгшүүрт нөхцөл Москвад тулгараад байна. “Нэг бүс, нэг зам” санаачилга нь ЗХУ задарсны дараа үүссэн орон зайд ноёлж үлдэх амбийцад нь халгаатай болж буйг Кремль ухамсарлаж эхэллээ.ОХУ-аас гадна Беларусь, Казахстан, Армен, Кыргызстаныг багтаасан, Вьетнам, Молдав зэрэг гуравдагч улсуудтай худалдааны гэрээ байгуулсан ЕАЭЗХ нь ноён Путиний санаачилга. Уг санаачилгад “Нэг бүс, нэг зам”-ыг холбох томьёоллыг Бээжинтэй хэлэлцэн тохиролцохоор ОХУ чармайсаар өдий хүрчээ. БНХАУ-ын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгч нар эдийн засгийн хоёр орон зайг интеграцчилах талаар 2015 онд хамтран мэдэгдэл гаргасан ч хожмын яриа хэлэлцээ үр дүнгүй өнгөрсөн юм.“Хятад түнш маань хоёр тал аль аль нь хожоотой талаар байнга ярьдаг. Гэтэл манай ашиг сонирхлыг тооцож буй, эсэхэд нь эргэлзэх үе тохиолдох юм. Биднийг оролцуулах гэж байгаа бол жоохон буулт хиймээрсэн” хэмээн уг чуулганд оролцсон ОХУ-ын дээд албаны хүн тайлбарлав.

Эх сурвалж:gogo.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна