• Эхлэл
  • Эрдэмтэн, судлаачдыг БНХАУ-д дадлагажуулж, судалгаа хийх боломж бүрдүүлнэ

Эрдэмтэн, судлаачдыг БНХАУ-д дадлагажуулж, судалгаа хийх боломж бүрдүүлнэ

2017/05/18

БСШУСЯ, БНХАУ-ын  Шинжлэх ухаан,  технологийн яам хооронд зурсан “Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр” санамж бичгийн хүрээнд эрдэмтэн судлаачдыг 6-12 сарын хугацаатайгаар Хятадын эрдэм шинжилгээний байгууллагуудад мэргэжлийнх нь чиглэлээр цалинтай дадлагажуулах, судалгааны ажил гүйцэтгэх боломж бүрджээ.

БСШУС-ын сайд  Ж.Батсуурь энэ сарын 11-15-ны өдрүүдэд БНХАУ-д  албан ёсны ажлын айлчлал хийсэн бөгөөд энэ хүрээнд БНХАУ-ын Соёлын сайд, Шинжлэх ухаан, технологийн дэд сайд, “Санж” соёлын байгууллагатай уулзалт хийсэн байна.

Айлчлалын хүрээнд шинжлэх ухааны парк, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай, “Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлэх тухай Монгол Улсын харилцан ойлголцлын санамж бичгүүдийг үзэглэжээ.

Энэхүү санамж бичгийг үзэглэснээр БНХАУ-ын туршлагыг харгалзан Монгол Улсад шинжлэх ухааны парк байгуулах чиглэлээр  хамтран ажиллахаар болсон байна.

Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Өнгөрөгч 2015 онд Монгол Улсын шинжлэх ухааны паркийн бүтээн байгуулалтын суурийг тавих зорилгоор молекул биологийн лабораторийг байгуулсан. Улмаар тус лабораторийн үйл ажиллагааг цаашид өргөжүүлэн, хамтарсан судалгааны төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Мөн энэ ондоо багтан Хятад-Монголын технологи дамжуулах төвийг байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь Хятадын зах зээлд Монголын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, гарааны компаниудыг гарах бас нэг суваг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Мөн “Санж” соёлын байгууллагатай хамтарсан үзэсгэлэнг  Монгол Улсын Төрийн түүхийн музейд энэ оны аравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.  

Эх сурвалж:shuud.mn

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна