• Эхлэл
  • Монголчуудыг хүчирхэг, нээлттэй, соёлтой ард түмэн гэв

Монголчуудыг хүчирхэг, нээлттэй, соёлтой ард түмэн гэв

2017/05/22

Монгол Улсад Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор ирсэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хөндлөнгийн хамтарсан үнэлгээний багийн хамт олон манай оронд 7 хоногийн хугацаатай ажиллаад нэгдсэн үнэлгээгээ танилцуулах үеэр “Монголчууд бол хүчирхэг, нээлттэй, соёлтой ард түмэн юм байна” гэж дүгнэв.

ДЭМБ-аас ирсэн 14 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний баг Монгол Улсад Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасан 19 чиглэлийн чадамжийг 48 шалгуур үзүүлэлтээр, 400 асуумжаар үнэлгээ хийхэд 81 хувьд нь “Чадавхи бэхэжсэн”, “Чадавхитай” гэсэн дүгнэлт гарчээ.

ДЭМБ-ын хөндлөнгийн хамтарсан үнэлгээний бэлтгэл ажлыг хангахын тулд ЭМЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, БХЯ, ОБЕГ, МХЕГ, Мал эмнэлэг, үржлийн газар, Мал эмнэлэгийн үндэсний хүрээлэн, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зооноз судлалын үндэсний төв, НЭМҮТ, Цөмын энергийн газар, Химийн хүрээлэн гэх мэт салбар хоорондын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 87 хүний бүрэлдэхүүнтэй 9 баг зургаан сарын турш ажиллаж сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улс Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэхийн тулд хийж гүйцэтгэсэн ажил, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар 136 хуудас урьдчилсан тайлан, үнэлгээг бичиж ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвд хүргүүлсэн юм.

Монголчуудын хийсэн уг тайлан, үнэлгээний урьдчилсан дүн нь ДЭМБ-ын үнэлгээний багийн сая өгсөн дүнтэй дүйцэж байгааг өндрөөр үнэлж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамтарсан үнэлгээний багийн ахлагч Грэхэм Ради “Монголчууд бол хүчирхэг, нээлттэй, соёлтой ард түмэн юм байна” гэж хэллээ.

ДЭМБ-ын хөндлөнгийн хамтарсан үнэлгээний баг Монгол Улсын хүрсэн ололт, амжилтыг:
1. Тандалт, хариу арга хэмжээний тогтолцоо маш өндөр хэмжээнд хөгжиж сайжирсан байна. 
2. Монголын талбарын тархвар судлал сургалтын төгсөгчид улс оронд тандалт, хариу арга хэмжээний тогтолцооны чухал цөм хэсгийг бүрдүүлж байна. Тус сургалтын хөтөлбөр ажиллах хүчийг тогтвортой хөгжүүлэх тэргүүн туршлага гэж үзэж байна. 
3. Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын хариу арга хэмжээнд салбарууд хамтарч оролцдог.
4. Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын төлөвлөгөөг тогтмол шинэчилж, дасгал сургуулилт хийдэг. 
5. ОУЭМД-ийн хэрэгжилт, ахиц дэвшлийг жил бүрийн үнэлгээгээр дамжуулан суралцах, тогтмол сайжруулах уламжлалтай болсон, 
6. Шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх, Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үндэсний төлөвлөгөөг тогтмол шинэчилдэг, дасгал сургуулилт, хяналт үнэлгээ хийдэг ба Хамтарсан хөндлөнгйн үнэлгээний үйл явцад Монгол Улс эрт оролцож байна. 
7. Эрүүл мэнд болон бусад салбарт шуурхай удирдлагын төв, нэгжүүд байгуулагдсан ба энэ нь нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын бэлэн байдлыг сайжруулахад ашиглах хүчирхэг хэрэгсэл болжээ гэж дүгнээд чадавх бүрт 2-4 заалт нийт 60 заалт бүхий зөвлөмж өгч, цаашид дэлгэрэнгүй тайланг сарын хугацаанд ирүүлэхийг хүсчээ.

ДЭМБ-ын хөндлөнгийн хамтарсан үнэлгээний багийн Зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын чадавхыг сайжруулах ажлыг төлөвлөгөө, салбар хоорондын хамтарсан 5-10 жилийн хугацааны төлөвлөгөөг тус тус гаргаж, санхүүжилтыг тодорхой тусгаж ажиллахыг зөвлөлөө.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна