Монгол Улсын төрийн далбаатай загас агнуурын хөлөг онгоц Сомали орчимд загасчилж яваад далайн дээрэмчдэд хөөгджээ.
Алчуураар нүүрээ далдалсан этгээдүүдэд хөөгдөж байна, тусламж хүсье гэсэн дуудлага өнгөрсөн баасан гаригийн шөнө БНСУ-ын Эргийн хамгаалалтын албанд ирсэн байна.
Улмаар уг онгоц холбоо тасарсан учир БНСУ-ын Батлан хамгаалах яам хөлгийг далайн дээрэмчдэд барьцаалагдсан гэсэн таамаглал дэвшүүлэн үйл ажиллагаагаа зохион байгуулжээ.
Онгоцон дээр хөлгийн багийн гурван гишүүнээс гадна 18 далайчин байсан гэнэ. Тэд БНСУ, Индонезийн иргэд байсан аж.
БНСУ энэхүү мэдээллийг авсан даруйдаа далайн дээрэмчидтэй тэмцэх салбар ангидаа мэдэгдэж, АНУ, Герман, Энэтхэг, Японы ижил чиг үүрэг бүхий байгууллагуудад хандан тусламж хүссэн байна. Улмаар хөлгийг бүрэн бүтэн олж чаджээ.
БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас гаргасан албан ёсны мэдээлэлд “Бид хөлгийн ахмадтай холбоо барьсан. Хөлгийн багийн гишүүд амьд, хөлөг далайн дээрэмчдийн мөшгөлтөөс зугтаж чадсан, одоо аюулгүй байгаа гэдэг мэдээллийг тэрээр бидэнд өгсөн” хэмээн уг мэдэгдэлд дурдсан байна.
Монголын далбаатай уг хөлөг онгоцыг Өмнөд Африкт ажиллаж амьдардаг БНСУ-ын иргэн эзэмшдэг юм байна.
Өнгөрсөн долоо хоногт Ираны далбаатай хөлөг онгоц Сомалийн далайн дээрэмчдэд олзлогдсон хэрэг гарч байжээ.
Эх сурвалж: koran-jakarta.com
Сэтгэгдэл байхгүй байна