• Эхлэл
  • Ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн гол бай байв

Ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн гол бай байв

2017/06/27

Монгол улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль Монгол төдийгүй дэлхийн сонорт байлаа. Тэр дундаа Японы томоохон хэвлэлүүд манай улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг анхааралтай ажиглаж, өөр өөрийн өнцгөөс мэдээллийг хүргэж байлаа.

Японы “NHK” агентлагийн цахим хуудаст “Монгол Улсад энэ сарын 26-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно. Сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд хөрш зэргэлдээ БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурсан, ашигт малтмалын үнэ унасны улмаас эдийн засаг нь хямарч, санхүү, эдийн засгаа дахин сэргээхээр ажиллаж байгаа. Хоёр удаа сонгогдож, нийтдээ найман жил төрийн тэргүүнээр ажилласан өнөөгийн төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж буйтай холбогдуулан явуулж буй Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын дарга М.Энхболд Монгол ардын намаас нэр дэвшиж буй бол Засгийн газрын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга хамгийн том сөрөг хүчин Ардчилсан намаас, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар МАХН-аас тус тус нэр дэвшиж байна.

Нүүрс, зэс гэх мэт байгалийн арвин их баялагтай Монгол улс БНХАУ руу хийх экспортынхоо хэмжээг нэмэгдүүлж, 2011 оноос хойш гурван жил дараалан эдийн засгаа хоёр оронтой тоонд хүртэл нь өсгөж чадсан юм. Гэвч, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч, уул уурхайн түүхий эдийн үнэ буурсны нөлөөгөөр Монголын эдийн засаг хямарч, өнгөрсөн жилийн байдлаар эдийн засгийн өсөлт нь 1 хувь хүртлээ буурсан юм.

Тиймээс сонгуулийн өрсөлдөөнд эдийн засгийг дахин сэргээх асуудал голлох байр суурийг эзэлж буй бөгөөд эрх баригч МАН-ын нэр дэвшигч М.Энхболд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, гадаадаас хөрөнгө оруулалт татахаа амласан.

Харин сөрөг хүчний нэр дэвшигч Х.Баттулга байгалийн баялгийн зөв зохистой ашиглалтад Засгийн газрын оролцоог бэхжүүлж, экспортыг нэмэгдүүлнэ гэдгээ амлаж байгаа бол МАХН-ны нэр дэвшигч С.Ганбаатар хөдөө аж ахуй, мал аж ахуйг сайжруулж, ажилгүйдлийн эсрэг бодлого явуулна гэдгээ амлаж байгаа юм".

Харин REUTERS “Монголчууд даваа гарагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Засгийн газраас дэвшүүлсэн эдийн засгийг сэргээх төлөвлөгөө, БНХАУ-ын улс оронд нөлөөлөх нөлөөллийн төлөө саналаа өглөө. Харин зарим нь эсэргүүцлээ илэрхийлж хоосон саналын хуудас уншуулж байсан юм. Чингис хааны төрсөн нутаг гэдгээрээ танигдсан байгалийн баялаг ихтэй Монгол улсын Ерөнхийлөгч болохын төлөө өрсөлдөж буй гурван нэр дэвшигч гурвуулаа сонгуулийн үеэр авлигын хэрэгт нэр холбогдсон. Нийслэл Улаанбаатар хотын санал авах хэсгийн хороонд очин, хоосон хуудас уншуулаад гарч ирсэн 22 настай орчуулагч Хишигжаргал “Би үнэхээр сонгуульдаа оролцон саналаа өгөхийг хүсэж байна. Гэхдээ эдгээр гурван нэр дэвшигчийг алиныг нь ч дэмжмээргүй байна. Эцэст нь хэлэхэд, хэрэв хангалттай олон хүн хоосон хуудас уншуулбал, өөр сонгууль болох боломжтой” гэж Ройтерс агентлагт ярьжээ. 

Эх сурвалж: Times.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна