УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй холбоотой асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнд шаардлага хүргүүллээ.
Тэрээр шаардлагадаа “Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2017 оны 6 дугаар сарын 26-нд болж, танай байгууллага сонгуулийн үр дүнтэй холбогдуулан 27-ны 11.30 цагт албан ёсны мэдэгдэл хийснийг УИХ-ын гишүүн миний бие хуульд заасан үндэслэлүүдийн дагуу хүлээн зөвшөөрөх боломжгүй байгааг үүгээр мэдэгдэж байна.
26-ны 23.00 цагаас хойш МАХН нэр дэвшигч нь 10 мянга орчим саналаар МАН-ын нэр дэвшигчээс илүү явсан боловч огцом санал унаж улмаар 24.00 цагаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслийн шууд дамжуулалт зогссон.
Уг үйлдлийн талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээллийг олон нийтэд бичгээр гаргаж өгнө үү.
Хоёрдугаарт, утсан болон интернэт сүлжээ байхгүйгээс нэр зарим аймгийн саналын тоог тоолох боломжгүй, удааширсан хэмээн хариуцлагагүй тайлбарыг танай байгууллагын зүгээс удаа дараа хийсээр байна. Иймээс хоцорсон аймгуудын хэсгийн хороодын саналуудыг нэн даруй Улаанбаатар хотод битүүмжлэн авчирч, намуудын төлөөллийг байлцуулан гараар тооллого хийн олон нийтэд мэдээлэхийг шаардаж байна.
Гуравдугаарт, Сонгуулийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.3-т “Дахин санал хураалтыг энэ тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор явуулна” хэмээн заасан байна. Үүний дагуу долдугаар сарын 4-ний дотор санал хураалт явуулах ёстой байтал 9-нд санал хураалт явуулахаар шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн байх эрх зүйн бүрэн үндэслэлтэй. Мөн аймгуудын наадамтай давхцуулан сонгуулийн ажлыг зохион байгуулах гэж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдана гэх итгэл төрүүлэхгүй байна” гэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна