• Эхлэл
  • Шүүхийн байранд нисдэг тэргээр халдаж, Ерөнхийлөгчийг огцрохыг шаардав

Шүүхийн байранд нисдэг тэргээр халдаж, Ерөнхийлөгчийг огцрохыг шаардав

2017/06/28

Венесуэлийн Дээд шүүхийн байр луу нисдэг тэргээр халдсан цагдаагийн албан хаагч Оскар Перес өөрийн Инстаграм цахим хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардлаа.

Тэрээр цагдаагийн нисдэг тэргийг ашиглан Дээд шүүхийн байр руу буудаж, дээрээс нь хэд хэдэн гар бөмбөг хаяжээ. Одоогийн байдлаар тус халдлагын улмаас хохирсон иргэдийн талаар мэдээлэл байхгүй байна.

Венесуэлийн Дээд шүүх Ерөнхийлөгч Николас Мадурогийн сөрөг хүчний эсрэг тэмцэх гол “зэвсэг” болсон юм.

Халдлагыг зохион байгуулсан Оскар Перес, “Ерөнхийлөгч Николас Мадуро, бид өөрийг чинь сайд нарынхаа хамт даруй огцорч, сонгууль зохион байгуулахыг шаардаж байна.” хэмээн одоогийн “гэмт засаглалын” эсрэг “цэрэг, цагдаа болон энгийн иргэдийн” нам бус эвсэл тэмцэнэ хэмээн мэдэгдсэн байна.

Түүний хэлж байгаагаар тус эвслийн төлөөлөгчид “Ардчилсан ард иргэдэд эрх мэдлийг нь эргүүлэн өгч, Үндсэн хуульд заасан эмх журамт байдлыг сэргээхээр газрын болон агаарын ажиллагаа явуулж байгаа” аж.

2015 онд сөрөг хүчнийхэн парламентын сонгуульд ялалт байгуулснаас хойш Венесуэлийн Дээд шүүх Ерөнхийлөгч Николас Мадурогийн сөрөг хүчний эсрэг тэмцэх гол “зэвсэг” болсон юм. Дээд шүүхээс парламентын гишүүдийн хэд хэдэн шийдвэрийг хүчингүйд тооцсоны дунд “Ерөнхийлөгчийг огцруулах” хуулийн төсөл ч багтжээ.

Николас Мадурогийн Үндсэн хуулийн зөвлөлийг хуралдуулах шийдвэрийг эсэргүүцсэн Ерөнхий прокурор Луис Ортегагийн хүсэлтийг мөн л хүлээж аваагүй юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Венесуэл даяар эмх замбараагүй байдал үүсч, Дээд шүүхээс  гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал цуглаан тасрахгүй байна. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмж, парламентын эрх мэдлийг бууруулах Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн жагсаалын үеэр 75 иргэн амь үрэгдэж, 1400 гаруй хүн шархадсанаас 300 гаруй нь хууль сахиулах албаны болон Үндэсний гвардийн албан хаагчид байжээ.

3200 иргэдийг саатуулсан байна.


Сэтгэгдэл байхгүй байна