Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын товыг наашлуулж, долдугаар сарын 7-ны баасан гарагт болгох шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо хэлэлцэн гаргалаа. Нам холбоодоос ирсэн хүсэлт, шаардлагуудын дагуу хоёр дахь шатны санал хураалтын товыг өөрчилсөн гэдгийг СЕХ-оос мэдээлэв.
Ардчилсан Нам, УИХ-ын гишүүн О.Баасанхүү зургадугаар сарын 27-ны өдөр, Монголын ардчилсан залуучуудын холбоо 28-ны өдөр тус тус хоёр дахь шатны санал хураалтын хугацааг өөрчлөх шаардлага тавьсан байна. Ингэхдээ ирэх сарын 4, 6-наас өмнө хоёр дахь шатны санал хураалтыг явуулах хүсэлтийг ирүүлжээ. Гэвч энэ хугацаанд амжиж хоёр дахь шатны санал хураалт явуулах боломжгүй тул шинэчилсэн товыг энэ сарын 7-ноор байхаар СЕХ-ны хурлаар тогтоожээ. Учир нь саналын хуудсыг хүргэх, техник технологийг бэлтгэх зэрэг ажлууд байгаа аж.
Гадаадад байгаа иргэдийн саналыг долоодугаар сарын 4, 5-ны өдөр явуулахаар болсон. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх шатны сонгуулийн хороод төв салбаруудад даалгасан.
СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан "Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Иргэний шилжилт, сонгогчдын шилжилт хөдөлгөөн гэж хоёр бий. Сонгогчийн шилжилт хөдөлгөөн нь бааз өөрчлөгдөхгүй. Улс орон даяар мөрдөгдөх шийдвэрийг өчигдөр гарган 27-ны өдрөөс эхлэн 7-р сарын 9-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байгаа. Сонгогчийн ирцтэй холбоотой өөр өөр ойлголт байгаад байна. Ирц 50-иас дээш нэмэх нэг сонгогч, санал 50-иас дээш нэг санал байна. Хоёр дахь шатны санал хураалт мөн ирц, саналын босготой. Ирц 50 хувьдаа хүрсэн тохиолдолд нэр дэвшигч 50 хувьдаа хүртэл санал авсан эсэхийг харна. Ирц хүрсэн эсэхийг үзээд 50 хувийн ирц бүрдээгүй тохиолдолд тухайн хэсэгт санал өгөөгүй иргэдийн дунд нэмэлт санал хураалт явуулах юм" гэв.
Мөн УИХ-ын хуралдаанаар сонгуулийн зардал болох 7.2 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр болсон. Дахин сонгуулийн өдөр буюу ирэх сарын 07-ний өдөр товлогдсон байсан бүх аймаг, багийн наадмын үйл ажиллагааг цуцалсан шийдвэрийг гаргасан байна.
Тиймээс иргэдийг хоёр дахь шатны сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэддээ уриаллаа.
Сэтгэгдэл байхгүй байна