Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалт, Гандан аялал жуулчлалын цогцолбор байхаар тусгасан.
Энэ хүрээнд Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын баялаг өв, арвин уламжлалыг шингээсэн аялал жуулчлалын жишиг гудамж болгох ажлыг эхлүүлээд байна.
Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр Гандангийн дэнжийн нийт 857 нэгж талбараас эхний ээлжинд төсөл хэрэгжих Гандангийн дэнж, орхоны 2, 3, 4-р гудамжыг хамарсан 74 нэгж талбарын 1,8 га газарт гандангийн түүхэн хэв маягийг хадгалсан Гандан аялал жуулчлалын төслийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Гандангийн дэнжийн уламжлалт түүхэн дүр төрх, өв уламжлалыг хадгалсан 1.9 га талбайд дөрвөн давхар 1500-1700 м.кв үйлчилгээ, 300 айлын орон сууцны барилга дурсгал шашны эртний эдлэлийн дэлгүүр, хүрээ соёл харуулсан музей, уламжлалт монгол үндэсний хоолны газар, хувцас урлал, соёл урлаг, театр, гар урлалын үйлдвэр зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын аялал жуулчлалын загвар гудамж, хороолол бий болно гэлээ.
Дээрх төсөл хөтөлбөрүүдийг бүрэн хэрэгжүүлснээр 2020 он гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллын нийт 20 хувь буюу 40,000 айл өрх инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдох бөгөөд үүнийг дагаад гэр хорооллоос үүдэлтэй агаар, хөрсний бохирдол 30-40 хувиар буурна гэв.


Сэтгэгдэл байхгүй байна