Зөрчлийн тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ. Тус хуульд 1600 орчим зөрчлийг зохицуулахаар тусгажээ.
Мөн хулгай хийсэн, олон нийтийн газар танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг дөрвөн тохиолдолд баривчлах шийтгэл ногдуулах бол бусад тохиолдолд торгох шийтгэл ногдуулах юм.
Баривчлах хугацаа 7-30 хоног бол шалган шийдвэрлэх хугацаа 14 хоног байх юм.
Одоо мөрдөгдөж буй хуулиудаар 15-16 төрлийн зөрчилд баривчлах шийтгэл ногдуулдаг бол Зөрчлийн тухай хуулиар таван төрлийн зөрчилд баривчлах шийтгэл ногдуулахаар багасгажээ.
Зөрчлийн хамгийн бага торгууль нь 10 мянган төгрөг бол хамгийн дээд торгууль 100 сая төгрөг /Банкны тухай хууль зөрчсөн тохиолдолд/ байна. Торгуулийн хэмжээг нэгжээр тогтоосон гэнэ. Нэг нэгж 1000 төгрөгтэй тэнцэх аж.
Зөрчлийн тухайн хуульд туссан амьдралд шууд хэрэглэгдэх, иргэдийн зайлшгүй мэдэх шаардлагатай зарим заалтуудыг хүргэе.
1. Олон нийтийн газар, автозам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, нус, цэр, тамхины иш, хог хаясан бол 10 мянган төгрөгөөр торгох
2. Биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж 25 мянган төгрөгөөр торгох
3. Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол 100 мянган төгрөгөөр торгох
4. Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хувь хүнийг 10.000, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгох
5. Аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 50 мянган төгрөгөөр торгох
6. Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол нөхөн төлбөрийг гаргуулж 30 мянган төгрөг, хуулийн этгэээдийг 300 мянган төгрөгөөр торгох
7. Төрийн бэлгэ тэмдгийг үйлдэх, дүрслэхдээ хуульд заасан хэмжээ, харьцааг алдагдуулсан бол 20 мянган төгрөг, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгох
8. Хүний нэр төр, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн бол хоёр сая төгрөг, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгох
9. Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол 25 мянган төгрөг, хуулийн этгээдийг 250 мянган төгрөгөөр торгох
10. Тээврийн хэрэгсэл жолоодох үед гар утас хэрэглэсэн бол жолоочийг 10 мянган төгрөгөөр торгох
11. Төмөр замын гарамгүй хэсгээр нэвтэрсэн, эсхүл төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол 25 мянган төгрөгөөо торгох
12. Зам дээр автомашин угаах, худалдаа наймаа хийж замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн бол 50 мянган төгрөг, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгох
13. Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 50 мянган төгрөг, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгох
14. Зарлан дуудах хуудас авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол 100 мянган төгрөгөөр торгох гэх мэтчилэн заалтууд хэрэгжиж эхэлнэ.


Сэтгэгдэл байхгүй байна