АНУ нислэгийн аюулгүй байдалд тавих хяналтаа дахин чангатгаж, зорчигчийн бүхээгт зөөврийн компьютер авч явахыг хориглолоо.
Өнгөрсөн гуравдугаар сард АНУ террористууд онгоцонд бөмбөг дэлбэлэхээс сэргийлэхийн тулд исламын шашинт найман орноос зөөврийн компьютер тээвэрлэх, тэдгээр орон руу авч явахыг хориглож байсан.
Тэгвэл шинэ журмаар, дэлхийн 105 орны зорчигчийн электрон төхөөрөмжийг шалгахаар болсон байна. Агаарын тээврийн компаниуд энэ журмыг дагах эсвэл бүх зорчигчийг электрон төхөөрөмж авч явахыг хориглох эсэхээ 120 хоногийн дотор шийдэх ёстой.
Дотоодын аюулгүй байдлын ерөнхий нарийн бичгийн дарга Жон Келли энэ талаар "Алдаа бүү гарга: манай дайснууд бөмбөгнийхөө "багийг" өөрчлөх, өөрийн талд хүн урвуулах, агаарын хөлөг барьцаалах шинэ аргыг зогсолтгүй хайж байгаа. Тиймээс бид олон нийтийг аюулгүй байлгах, террористуудад саад болохын тулд шинэ журам гаргасан" гэж мэдэгдсэн байна.
Шинэ журманд:
Бүх зорчигчийг шалгах
Хувийн электрон төхөөрөмжийн шалгалтыг нэмэгдүүлэх
Агаарын хөлөг, зорчигчийн хэсгийн аюулгүй байдлын протоколыг нэмэгдүүлэх
Нохойтой шалгалтыг өргөжүүлэх зэрэг заалт нэмэгджээ.
Энэхүү журмыг 280 нисэх буудал, 180 авиа компани хэрэгжүүлэх бөгөөд өдөрт 2,100 нислэг, 325 мянган зорчигчийг хамруулах аж.
Ухаалаг утаснаас том хэмжээтэй төхөөрөмжүүд одоогоор Турк, Морокко, Йордан, Египет, Арабын Нэгдсэн Эмират, Катар, Саудын Араб, Кувейт зэрэг орноос АНУ-ыг зорих нислэгийн зорчигчдын бүхээгт хориотой байгаа.
Үүнтэй төстэй журмыг Их Британи мөн хэрэгжүүлж, зургаан орноос ирэх нислэгт хориг тавьсан байна.
Нислэгийн аюулгүй байдлын шинжээчид их хэмжээний цахилгааны эд зүйлс шалгаагүй тохиолдолд Лити батарейны түймэр гарах магадлал өндөр байгааг анхааруулсан.
Сэтгэгдэл байхгүй байна