Өнгөрсөн амралтын өдрүүдэд наадмын бэлтгэлээ базааж буй үндэсний бөхийн галууд барилдаанаа хийлээ.
Увс аймгийн "Увс нуур" дэвжээний наадын сорилго барилдаан болов. Тус барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь тэргүүтэй 96 бөх хүч үзсэн юм. Мөн Сэлэнгэ аймгийн "Таван хан", Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээний бөхчүүд зодоглов. Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын харцага Н.Жаргалбаяр түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэв. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй их шөвгийн гуравт шалгарлаа.
Баянхонгор аймгийн "Их Богд" дэвжээний наадмын сорилго барилдаан "Боорчийн өртөө" амралтын газар болжээ. Уг барилдаанд 48 бөх зодоглож, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, цэргийн арслан Д.Цэрэнтогтох түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Д.Батболд үзүүрлэсэн байна.
Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээний сорилго барилдаанд аймгийн арслан М.Мустафа түрүүлсэн бол аймгийн арслан М.Еркебулан үзүүрлэсэн юм.
Говь-Алтай аймгийн "Хантайшир" бөхийн дэвжээний бөхчүүдийн наадмын сорилго барилдаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын гарди Н.Ганбаатар түрүүлж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ үзүүрлэжээ.
Өвөрхангай аймгийн "Их Монголын Хүчтэн Дэвжээ"-ний бөхчүүдийн наадмын сорилго барилдаанд Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, аймгийн арслан Ж.Наранбаатар түрүүлж, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга үзүүрлэсэн байна.
Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хорооны бөхчүүдийн барилдаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтох түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын "Сүлд" спорт хорооны наадмын сорилгод Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, аймгийн арслан Б.Серик түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн арслан А.Давааням үзүүрлэсэн аж.
Сэтгэгдэл байхгүй байна