• Эхлэл
  • С.Ганбаатар: Цагаан хуудас уншуулахыг уриалж байна

С.Ганбаатар: Цагаан хуудас уншуулахыг уриалж байна

2017/07/03

Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр шударга бусаар төрийн эрхийг булаасан явдалтай эвлэрэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Мөн иргэдийг дахин санал хураалтад идэвхтэй оролцож, цагаан хуудас уншуулахыг уриалав.

С.Ганбаатар “Ард түмэн эр зориг гаргаж, Монголынхоо ирээдүйн төлөө, сэрж, сэхээрч сонголтоо хийсэн. Харамсалтай нь төрийн дээр сандайлж суусан МАНАН-ынхан ард түмний сонголтыг нүдэн дээр нь луйвардлаа.

Монголчууд бид ууртай байна. МАНАН төрийн эрх барих монголчуудын эрхийг хулгайлж, төрийн дээр сандайлсаар байна. Нэр дэвшигчид ханаж цадахгүй дараагийн луйвраа хийх гэж байна. Бид үүнийг зогсооно. Хууль бусаар төрийн эрхийг булаасан явдалтай эвлэрч болохгүй. Энэ сонгуулиар хулгайч нарын хулгай хийдэг арга баригдлаа. Тэд ичиж байгаа, нүүрээ хийх газаргүй болж байгаа” гэх мэдэгдлийг хийлээ.

Мөн тэрбээр сонгуулийн луйвар орсон хэсгийн хороодод дахин сонгууль явуулахыг СЕХ-ноос шаардлаа. СЕХ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол дахин санал хураалтад оролцож, саналын хуудсанд тэмдэглэл хийлгүй цагаан хуудас уншуулахыг иргэдэд уриалав.

Мэдээллийн дараар тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Цагаан хуудас уншуулж, дахин санал хураалтыг хүчингүй болгохыг уриалж байна. Дахин сонгууль явагдахаар болвол танай намаас Н.Энхбаяр нэр дэвших үү?

-МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сонгуульд аль хэдийнэ ялсан. Төрийн хулгайч нар үүнийг тэвчиж чадахгүй, айсандаа СЕХ-нд урьдчилсан сонгууль явуулж, хассан. Энэ шударга бус байдлыг Монголын ард түмэн мэддэг. Их өрийг тэглэж, Мянганы зам тавьсан хүн МАНАН-д байхгүй.  Дахин сонгууль болвол МАХН-ын эрх бүхий байгууллага нь нэр дэвшигчээ тодруулна. Монголын сонгуулийг шударга явуулахын төлөө бид тууштай зүтгэнэ.

-Хэдэн хэсэг дээр дахин сонгууль явуулах шаардлагатай вэ?

-76 хэсэг дээр луйвар хийсэн нь илэрсэн. Биднийг 2000 саналаар луйвардсан биш. Монголын ард түмний 100 орчим мянган саналыг тэд луйвардсан. Бид нэгээр гарсан. Бид өөрсдийнхөө тухай ярьж байгаа биш.  Бид Монголын ард түмний итгэл найдвар, эрхийг хүндэтгэж тэмцлээ явуулж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна