Өнөөдрөөс "Зөрчлийн тухай хууль" хэрэгжиж эхэллээ. Тус хуулинд 1600 орчим зөрчлийг зохицуулахаар тусгасан юм. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинж, хохирлын хэм хэмжээг харгалзан торгох, баривчлах, эрх хасах шийтгэл оногдуулна.
Тухайлбал, баривчлах шийтгэл гэдэг нь зөрчил үйлдсэн хүнийг 30 хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулна. Ингэхдээ жирэмсэн эмэгтэй, 14 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, өвчтэй хүмүүсийг баривчлахгүй байхаар хуулинд тусгажээ.
Харин эрх хасах шийтгэлд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг явуулах, бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсвэл зөвшөөрлийг хүчингүй болгох аж. Торгох шийтгэлийн хэмжээ нь хүнд 10000-20000, хуулийн этгээдэд 100000-200000 торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна. Нэг нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх юм.
Хууль хэрэгжиж эхэлснээр олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан эсвэл нус цэрээ тамхины иш, хог хаягдал хаясан хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000 төгрөгөөр торгоно. Мөн нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хүнийг нэг зуун нэгж /100000/, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй /1000000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Түүнчлэн хог хаягдлыг ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг тавин нэгж, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
Хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж, хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ.
Түүнчлэн хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.
Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөр гаргуулж, хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, усны тоолуурын битүүмжлэл, байрлал, холболтыг дураараа өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна.
Түүнчлэн эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,
Биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,
Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг худалдах журам зөрчсөн, эсхүл хуульд заасан эротик кино, дүрс бичлэг, жүжиг, бүжиг үзүүлэхэд хориглолтыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,
Агаар бохирдуулсаны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,
Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,
Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,
Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,
Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,
Хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийг гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,
Гудамж, талбайд өлсгөлөн зарлахыг хөндлөнгөөс зориуд зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох аж.
Сэтгэгдэл байхгүй байна