Сүүлийн үед охид залуус өөрийн хүсч мөрөөддөг зүйлсийг ажил хэрэг болгож байгааг харахад их бахархмаар. Үүнтэй адил нэгэн зэрэг нилээд олон ажлыг амжуулж буй хөдөлмөрч эмэгтэйтэй ярилцлаа.
Энэ хүн бол жирийн л нэгэн эмэгтэй. Гэхдээ түүнд хүсэл мөрөөдөл бий. Тэрээр өөрийн хүсэл мөрөөдлөө өнөөдөр бодит болгож буй хөдөлмөрч нэгэн юм. Ингээд “Velvet Mongolia”, “Tulip boutique” дэлгүүрийн эзэн болох залуухан бүсгүй А.Алтанзулын яриаг хүлээн авна уу.
- Яг одоо хийж байгаа ажлын тань талаар яриагаа эхэлье.
- Сайн байна уу юуны өмнө урьсанд баярлалаа. Яг одоо хийж байгаа ажил гэвэл эхлүүлээд жил гаран болж буй гоо сайхны дэлгүүрийн маань ажил, энэ жил эхлүүлсэн “Tulip Boutique” бэлэн хувцасны дэлгүүрийн маань ажлууд байна даа.
- Их завгүй ажилладаг юм шиг санагдлаа. Энэ их ажлыг хэрхэн яаж зохицуулж амжуулж байна вэ?
- Аль болох бүх зүйлээ өөрөө сэдэж, өөрөө амжуулах гээд байдаг зантай болохоор бараг сурчихсан даа. Бэлэн хувцасны дэлгүүрийн маань ажил жигдэрхээр ганцхан ажилдаа биш өөртөө цаг зав гаргадаг болно гэж бодож байна. Аав ээж маань хамгийн их тусалж миний ажлийн хамтрагчид шиг байдаг. (инээв)
- Өөрийн дэлгүүрийн талаар танилцуулахгүй юу?
- За “Velvet Mongolia” гоо сайхны дэлгүүр маань үйл ажиллагаагаа эхлүүлээд жил гаран болж байна. Анх эхэлж байхдаа дэлгүүргүй байсан болохоор бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчиддээ өөрөө хүргээд гүйдэг байлаа. Одоо дэлгүүр маань хорооллын Номин их дэлгүүрт байрладаг. Орос, солонгосын голдуу гоо сайхан, арчилгааны бүтээгдэхүүнүүд худалдаалагддаг.
Харин “Tulip boutique” бэлэн хувцасны дэлгүүрээ энэ жилийн дөрөвдүгээр сард нээсэн.
Би өөрөө хувцас, гоо сайхны зүйлд бусад охидын адил багаасаа л дуралдаг байсан болохоор бяцхан мөрөөдөл маань байсан.
Тиймээс энэ жил мөрөөдлийнхөө үзүүрээс эхлүүлж эмэгтэй бэлэн хувцасны дэлгүүр нээсэн байгаа.
Удахгүй илүү өргөжүүлж дан хувцас биш гоёл чимэглэл оруулж ирэх бодолтой байгаа.
- Шинээр хувиараа бизнес эрхэлхэд хүндрэлтэй байсан асуудал юу вэ?
- Шинээр худалдааны бизнес эхлүүлж байгаа хүнд хамгийн том асуудал нь шинэ санаа, сайн бүтээгдэхүүнээс гадна санхүүгийн асуудал байдаг. Миний хувьд хэн нэгнээс тусламж, зээл аваагүй маш багаас эхэлсэн. Ердөө өөрт байсан багахаан мөнгөөр эхлүүлж бага багаар хуримтлуулж яваандаа дэлгүүртэй болсон.
- Эдийн засгийн хямралтай энэ үед хувиаараа юм хийнэ гэдэг бас тийм ч амаргүй. Таны хувьд хямрал хэр нөлөөлж байна вэ?
- Нөлөөлөлгүй яахав. Хүмүүс массаараа ажилтай орлоготой байж худалдан авалт ихэснэ шүү дээ. Миний хувьд хувиараа худалдаа эхлүүлээд удаагүй байгаа бас суурь хадгаламж мөнгө байгаагүй болохоор одоо ч санхүүгийн асуудлууд гардаг. Улам хичээж ажиллаж байгаа.
- Загвар өмсдөг гэж сонссон. Тэгэхээр ажлынхаа хажуугаар загвар өмсдөг үү? Энэ талаар уншигчиддаа яриач
- Загварын дугуйланд сонирхолоороо явж байсан цөөхөн үйл ажиллагаанд алхаж зурганд орсоноос хэтрэхгүй. Одоо бол загвар өмсөх зав ч гардаггүй. Ер нь бол сонирхолтой ч хамаг цаг хугацаагаа зарцуулаад байх ажил биш гэж боддог.
- Загвар өмсдөг хүн загварын талаар багагүй мэдлэгтэй байгаа байх. Тэгвэл энэ зуны загварын чиг хандлагыг тодорхойлбол. Таны бодлоор ...
- Би загвар өмсөгч гэж өөрийгөө бододгүй л дээ. (инээв) Дэлгүүрийнхээ хувцаснуудыг танилцуулахдаа өөрөө өмсөөд авхуулчихдаг. Моделд мөнгө зарахгүй амар санагддаг. (инээв) Энэ жил илүү залуулаг хүүхэдлэг загвар зонхилж байгаа.
Өдөр тутамд өндөр өсгийтөөс илүү кет пүүз өмсөж, өргөн сул цамц подволк өмсөхийг илүүд үздэг. Сугавчилдаг цүнхнээс илүү үүргэвч үүрэх дуртай. Гэвч эмэгтэйлэг байхаа мартаж болохгүй.
Миний хувьд Kendall jenner, Gigi hadid, Chiara ferragni нарийн хэв маягийг сонирхох, санаа авах дуртай.
- Цаашид хийхээр төвөллөсөн ажлынхаа талаар сонирхуулах боломжтой юу?
Дэлгүүрийн ажлаа эхлүүлээд удаагүй байгаа болохоор улам сайжруулж залуучуудын дурлах загваруудыг хүргэх, дэлгүүрээ илүү олон хүнд таниулах, өргөжүүлэх гээд хийх ажил их байна даа. Гоо сайхны дэлгүүр маань ч ялгаагүй надаас үргэлж завгүй байхыг шаарддаг.
- Таныг маш хүчтэй, хөдөлмөрч эмэгтэй гэж боддог. Тэгэхээр бүсгүйчүүддээ хандаж зөвлөгөө өгөөч. Өөрийгөө дайчилж, өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд юу хамгийн чухал гэдгийг ...
- Бүгд л мэдэх байх ... Хүн өөрийн сонирхдог, чаддаг зүйлээ л хийх хэрэгтэй. Сонирхолгүй дургүй ажлаа хийж байгаа хүнээс амжилт хүлээх нь эр үхэрнээс тугал гарахыг хүлээхтэй адил гэдэг үг байдаг даа. Өөрийн хамгийн их сонирхдог, хамгийн сайн хийдэг зүйлээ олж түүндээ бүх анхаарал, цаг хугацаагаа зарцуулаарай.
- Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна