Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт энэ сарын 7-нд буюу маргааш болно.
Үндсэн хуулийн 31.5-д заасны дагуу Хоёр дахь санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзнэ.
Хоёр дахь санал хураалтад оролцсон хоёр нэр дэвшигчийн аль нэг нь сонгуульд оролцож, саналаа өгсөн сонгогчдын олонхийн санал буюу 50 хувь дээр нэмэх нэг санал авсан тохиолдолд Сонгуулийн Ерөнхий Хороо бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг гаргана.
Хоёр дахь санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн хэн ч олонхийн санал буюу тавин хувь дээр нэмэх нэг санал авч чадаагүй тохиолдолд Үндсэн хуулийн 31.6-д заасны дагуу дахин сонгууль явуулна. Дахин сонгуулийг Улсын Их Хурлаас товлон зарлана.
Хоёр дахь санал хураалтад нийт сонгогчдын тавиас дээш хувь нь оролцоогүй тохиолдолд дахин сонгууль явагдахгүй. Харин нэмэлт санал хураалт явагдана.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог болдог. Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол нэмэлт санал хураалт явуулна гэж Сонгуулийн тухай хуулийн 106.1 дэх хэсэгт заасан байгаа.
Нийт сонгогчдын тавин хувь оролцоогүй тохиолдолд тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий Хороо гаргаж, уг шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор явуулна. Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож саналаа өгөх ёстой.
Иймд нэмэлт санал хураалт явагдсаны дараа санал хураалтын дүнг Сонгуулийн Ерөнхий Хороо гаргаж, УИХ-д өргөн мэдүүлнэ.
Сэтгэгдэл байхгүй байна