• Эхлэл
  • Хятадын хамгийн алдартай тэрс үзэлтэн нас барлаа

Хятадын хамгийн алдартай тэрс үзэлтэн нас барлаа

2017/07/14

Хятадын хамгийн алдартай Нобелийн шагналт, Хятадын хамгийн алдартай хүний эрх, ардчиллын төлөө тэмцэгч Лю Шяобо 61 насандаа өчигдөр буюу Пүрэв гарагт таалал төгсжээ.

Тэрээр төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэний төлөө 11 жилийн ялтай хоригдож байсан ба сүүлийн хоёр сар орчим хугацаанд элэгний хорт хавдраа эмчлүүлж байсан юм. Их сургуулийн профессороос хүний эрхийн төлөө тэмцэгч болсон Люгийн цаг бусын үхэлд Хятадын засгийн газар буруутай хэмээн Нобелийн шагналын хороо дүгнэжээ.

Амьдралынхаа сүүлийн жилүүдийн ихэнхийг шоронд хоригдож, бусад үед нь гэрийн хорионд байсан Лю Шяобогийн эхнэр Лю Шя ч одоо болтол гэрийн хорионд байгаа юм.

Лю Шяобо анх 1989 оны Тяньаньмэний талбайн тэмцлийн үед засгийн газартай амжилттай хэлэлцээр хийсний дүнд хэдэн зуун жагсагчийг баривчилгаанаас чөлөөлж байжээ. Үүнийхээ дараа тэр хоригдож байгаад 1991 онд суллагдсан юм. Гэвч дараа нь Тяньаньмэний тэмцэгчдийг суллуулахын төлөө хөдөлгөөн өрнүүлснийхээ төлөө зүүн хойд Хятадын засан хүмүүжүүлэх төвд гурван жил хоригдсон байна. Энэ үедээ тэр 1996 онд яруу найрагч Лю Шятай гэрлэжээ. Дараа нь 2009 онд нэг намын тогтолцоог халж, олон намын системд шилжихийг уриалсныхаа төлөө 11 жилийн хорих ял аваад байв. Тэгэхэд Люг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнд буруутгасан байна.Түүнийг шоронд хоригдож байх үед буюу 2010 онд Нобелийн шагнал олгосон юм.

“Хятадад хүний үндсэн эрхийг хэрэгжүүлэхийн төлөө удаан хугацаанд хүч хэрэглэлгүй тэмцсэн”-ий төлөө уг шагналыг олгоход Бээжин Норвеги руу зорчих эрх Люд өгөөгүй байна. Ингэснээрээ тэр Нобелийн шагналыг шоронд байхдаа хүртсэн хоёр дахь хүн болсон юм. Түүнээс өмнө 1935 онд Германы энхийн төлөө тэмцэгч Карл вон Оссецки нацистуудын хорих ангид байхдаа уг шагналыг хүртэж байв.Люгийн хорт хавдрыг өнгөрсөн тавдугаар сард оношилж, эмнэлэгт хэвтүүлсэн байна. Энэ үедээ тэр гэрийн хорионд байсан эхнэр Лю Шятай хамт байх боломжийг олж авсан юм.

Түүнийг гадаадад эмчлүүлэхийг олон улсын байгууллагууд Бээжингээс шаардаж байсан ч зөвшөөрөөгүй. Люгийн хэвтэж байсан зүүн хойд Хятадын Шэньян хотын эмнэлэгт Герман, Америкийн эмч нар очиж үзээд түүнийг гадаад руу эмчлүүлэхээр явуулж болно гэсэн дүгнэлт гаргасан. Гэвч Хятадын эмч нар ингэх боломжгүй гэж үзсээр байсан юм. Лю Шяобог нас барсны дараа АНУ, Герман, Их Британи, Франц, Тайвань зэрэг орнуудын удирдагч нар эмгэнэл илэрхийлсэн байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон талийгаачийн эхнэр Лю Шяг гэрийн хорионоос чөлөөлөхийг Бээжинд уриалжээ.Лю Шяобогийн үхлийн талаар Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ямар нэг мэдээлэл гаргахгүй байна.

Зөвхөн төрийн мэдлийн сувгууд англи хэл дээрх хувилбартаа цөөн хэдэн үг бүхий мэдэгдэл гаргажээ.Хятадын Коммунист Намын дуу хоолой Global Times сонинд тэмцэгчийг Барууныхны төөрөгдүүлэлтийн золиос болсон хүн хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: BBC

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН