Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд 3 түймэр асаж, Ерөө суманд 1, Мандал сумын 2, Эрдэнэ сумын 1 нийт дөрвөн түймрийг цурманд оруулжээ.
Асаж байгаа болон цурманд оруулсан түймрүүдийг бүрэн хяналтад авсан ч хэт халалт, салхины эрч эрс нэмэгдэх зэргээс шалтгаалан түймрийн голомт хүндэрч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бие бүрэлдэхүүнийг сэлгэн байршуулан ажиллуулж байгаа аж.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шоргоолжийн даваа”-д гарсан түймрийг бүрэн унтрааж, 20 алба хаагчийг тус сумын Баянцагаан багийн “Харанхуйн Ам”-д гарсан түймрийн цурмыг бүрэн унтраахаар сэлгэн ажиллуулсан байна. Ингэснээр 2017.07.23-ны өдрийн 11:30 минутад бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өгсөн.
Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын “Цацралтын Ам”-д гарсан түймрийг 2017.07.21-ний өдрийн 22:20 минутанд бүрэн унтрааж, Зэвсэгт хүчний 326-р ангийн 51 алба хаагчийг, 3 автомашинтай, орон нутгийн 17 иргэнийг 1 автомашинтай 2 хоног түймрийн цурмыг мануулжээ.
Төв, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой байдлын байгууллагын 45 албан хаагчийг, 5 автомашинтайгаар Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Хөх чулуут”-д гарсан түймрийн цурмыг бүрэн унтраахаар шилжүүлэн татсанаар 2017.07.23-ны өдрийн 23:50 минутанд бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өглөө.
Ингэснээр Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, Гурванбулаг сумын 1, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 4, Хүдэр суманд 2, Төв аймгийн Батсүмбэр сумын 6, Эрдэнэ суманд 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 16 түймрийг бүрэн унтрааж түймрийн голомтод ажиллаж байсан бие бүрэлдэхүүн, дайчлагдан ажиллаж байсан иргэдийг түймрийн голомтоос буулгах арга хэмжээ авлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна