Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутагт багийн нутгаар өчигдөр буюу долдугаар сарын 24-ний өдрийн 17:58-18:10 цагийн хооронд салхины хурд 28 м/с хүрч ширүүсэн, аадар бороо, 2.5-4.0 см-ийн голчтой мөндөр орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиожээ. Энэхүү гамшигт үзэгдлийн үеэр хоёр хүүхэд мөндөрт цохиулж, хөнгөн гэмтэн эмнэлгийн тусламж авчээ. Одоогийн байдлаар, хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа аж.

Мөн 20 айлын гэр нурж, арван аж ахуйн нэгж, байгууллагын барилгын цонх хагарч, 64 байшингийн дээвэр мөндөрт цохигдон цөмөрч, салхинд хийссэн байна.
Түүнчлэн гамшигт үзэгдлийн улмаас 149 автомашины салхины шил, гэрлэн дохио хагарч, автомашины төмөр хийц мөндөрт цохигдон хонхойж, цахилгаан дамжуулах 0.4 кВт-ын арван шон унасны улмаас 610 орчим айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын 2100 гаруй хэрэглэгчийн цахилгаан тасарч, үр тариа, төмс хүнсний ногоо тариалсан 300 орчим га талбай мөндөрт цохигдсон гэсэн урьдчилсан мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраас ирүүлээд байна.
Одоогийн байдлаар, үүссэн нөхцөл байдалтай танилцах, сэргээн босгох ажиллагааг шуурхай зохион байгуулах зорилгоор тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тухайн суманд ажиллаж эхэлжээ. Харин дээрх гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байгаа аж.
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас мал осгож үхсэн гэсэн мэдээллийн талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад "Одоогоор мал болон хүний амь нас эрсэдсэн гэсэн мэдээлэл ирээгүй байна. Түр зуурын байгалийн гамшигт үзэгдэл болсон. Шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авч ажиллаж байна" гэв.
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороотой, цаг агаар сэрүүн байна. Өнөөдөр төвийн болон зүүн бүсийн нутгаар дуу цахилгаантай бороо орно. Иймд дахин мөндөр буух эрсдэлтэй гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.


Сэтгэгдэл байхгүй байна