МАН-ын "60 тэрбум"-ын бичлэгийг олонд ил болгосон иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэхүү 90 минутын бичлэгийг олон улсын шинжээчид эвлүүлэг биш гэдгийг нотолсон. Ийм байтал уг бичлэгт дуу хоолойгоо оруулсан М.Энхболд, Ц.Сандуй, түүний зөвлөх Ганбаатар нарыг шалгах ажлыг хууль хяналтынхан огт явуулахгүй байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчийн дүгнэлт байна.
Гэрч Доржзодовын мэдүүлэг байна. Ийм шалгах үндэслэл байгаа хэдий ч хууль хяналтынхан шалгахгүй юм. Харин эрх баригч намын гишүүд гэрч болох Г.Доржзодовыг хууль бусаар баривчлах гэж цагдаа, хуулийн байгууллагыг ашигласан.
Г.Доржзодовт эрүү үүсгэх эрх байхгүй” гэв. Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн байгууллагын удирдлагуудыг шинэчлэхийг шаардаж буйгаа хэвлэлийн хурлынхаа төгсгөлд онцоллоо. Түүний хэлснээр, иргэн Г.Доржзодов аюулгүй байдлаа ханган УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт түр амьдарч буй юм байна.
Тэрбээр 2017 оны зургадугаар сарын 2-ны өдрөөс эхлээд би Г.Доржзодовыг өмгөөлөхөөр гэрээ хийж, үйлчлүүлэгчтэйгээ ТЕГ-т очсон байдаг. ТЕГ иргэн Г.Доржзодовоос хурааж авсан материалуудыг буцаан өгөхдөө тагнуулын тусгай хэрэгсэл хэмээн үзэж MP3-ыг нь өгөөгүй талаар Г.Баасан өмгөөлөгч өмнө нь хэвлэлийн хурал хийхдээ мэдээлж байв.
Тэрбээр МАН-ын “60 тэрбум”-ын бичлэгийн талаар ярихдаа “2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр одоогийн УИХ-ын дарга, НИТХ-ын дарга, “Шинэ Монгол Хаад” группийн захирлын хоорондоо ярьсан яриа байдаг. Энгийн яриа биш. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулинд заасан Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдах гэсэн хориглосон зүйл заалтыг зөрчсөн яриа байсан.
Давхар олон зүйл анги бий. Хээл хахууль авахаар завдсан, төрийн албыг арилжаалсан, хар машинд нөлөөлж сонгогчдын саналыг луйвардсан байх магадлалтай олон асуудлыг ярьсан. Энэ бол Монголын бүх ард түмнийг хохироосон гэмт хэрэг юм. Энэ яриа дэлгэгдсэнээс хойш нэг жил өнгөрч байхад хууль хяналтын байгууллага М.Энхболдыг шалгаагүй, дуудаж асуугаагүй.
М.Энхболд өөрөө ч “Намайг ийм гэмт хэрэгт холбогдуулаад яриад байна, би шалгуулъя” гэж хууль хяналтын байгууллагад хандаагүй. Тийм учраас энэ хэргийн толгойлогч байх магадлал өндөртэй. Өөрийнх нь дуу хоолой бичигдсэн. Энэ бол хангалттай нотлох баримт. Үүнийг үнэн эсэхийг тогтоогоогүй учраас өнөөдрийг хүртэл гэмт хэрэг байх магадлал өндөртэй гэж би хардаж байна. Энэ асуудлаар бас нэг ноцтой юм бий.
Зургадугаар сарын 15-ны өглөө үйлчлүүлэгч маань “Миний байгаа газрыг цагдаа бүсэлсэн байна” гэж утасдсан. Цагдаа, тагнуулынхан бүсэлсэн байсан. Би очоод “Бичиг баримтаа үзүүл” гэсэн. Ямар ч бичиг баримт зөвшөөрөл байгаагүй. Надтай амаар ажил ярихыг хүссэн. Тэгэхэд хуулийн улсууд манай үйлчлүүлэгчийг гүжирдсэн. “Та нар яах гэж байгаа юм бэ” гэсэн чинь “Хамгаалалтад авах гэж байгаа юм” гэсэн. Хэн хүсэлт гаргасан юм бэ гэсэн чинь “Аав чинь гаргасан” гэсэн. Үйлчлүүлэгч маань тэр дороо аав руугаа яриад “Манай аав хүсэлт гаргаагүй байна” гэхэд “Фэйсбүүкээр гаргасан” гэж бас дахиад гүжирдсэн. Гэтэл энэ хүний аав дал гарчихсан, цахим ертөнцөд ордоггүй хүн байсан.
Ингээд ямар ч зөвшөөрөлгүйгээр тэр хүнийг баривчлахаар очсон манай ЦЕГ өөрсдөө гэмт хэрэг хийсэн. Түүнийгээ “Хамгаалах гэж очсон” гэж ард түмэнд худлаа ярьж байгаа. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл энэ үгүй болсон байна.
Д.Амарбаясгалан гэдэг хүн мэдэгдэл хийсэн байгаа. Хэрэв Г.Доржзодовыг ЦЕГ хамгаалах байсан бол зургадугаар сарын 14-нд мэдэгдэх ёстой. Гэтэл мэдэгдээгүй. 15-ны үүрээр эрх чөлөөнд нь халдаж, баривчлах гэж оччихоод үдээс хойш нь цагдаагаас надад бичиг өгсөн. Хууль бус ажиллагаа хийчихээд араас нь бичиг өгч байгаа юм. Д.Амарбаясгалан Г.Доржзодовт өгсөн 20 сая төгрөгийн талаар бас гүжирдсэн. Нийслэлийн прокуроос 2016 оны 10 сарын 13-ны өдөр тогтоол гаргасан. Г.Доржзодовт А.Ганбаатар 20 сая төгрөг өгөх ёстой байсныг хүлээн зөвшөөрч байна гээд прокурорын тогтоолоор энэ 20 сая төгрөгийг өгсөн шүү. Гэтэл энэ Г.Доржзодов өөрөө өөртөө мөнгө шилжүүлж, ард иргэдийг хуурч байгаа мэтээр Д.Амарбаясгалан гэж хариуцлагатай намын ерөнхий нарийн бичгийн дарга худлаа ярьсан.
ЦЕГ-ын дэд дарга П.Батбаатар бас мэдэгдэл хийсэн. Намайг мөрдөж мөшгөснөө энд дурдсан. Г.Доржзодов манайд хоносныг мөрдөж мөшгөсөн. Одоо хүртэл Ц.Оюунгэрэлийнд очсоныг яаж мөрдөж мөшгөснөө хуулийнхан надад хэлээгүй байгаа. Мөрдөх шаардлагатай гэсэн шийдвэр гарч байж мөрддөг. А.Ганбаатар “Дарга зөвшөөрвөл чамайг устгана” гэж удаа дараа хэлж байсан. Гэтэл зөвхөн Г.Доржзодовын хийж байгаа хэрэг мэтээр нийгэмд ойлгуулж байна.
Тэр байтугай ЦЕГ-ын дэд дарга П.Батбаатар Г.Доржзодовт Эрүүгийн хуулийн 137-р зүйл ангиар хэрэг үүсгэсэн гэж худлаа ярьсан. 133-аар шалгагдаж байгаа. 137 нь иргэний орон байрны халдашгүй байдалд халдсан хэрэг. Г.Доржзодов өөрийгөө хамгаалах гэж MP3-аар бичлэг хийсэн. Төрийн эргэлт хийх гэж бичлэг хийгээгүй. Г.Доржзодовт Эрүүгийн хуулийн 133-аар эрүү үүсгэх үндэслэл байхгүй.
Хүн байвал хэрэг олддог гэдэг коммунист зарчмаар энэ хүүхдэд хэрэг үүсгээд явж байна. Коммунист зарчим гэдэг төр, эрх мэдэлтнүүд юу хүснэ түүнийгээ хийдэг нийгмийг хэлдэг. Бид Ардчилсан нийгэмд амьдраагүй, эргээд коммунист нийгэм рүүгээ явж байна" гэсэн билээ.
Эх сурвалж: medee.mn
Сэтгэгдэл байхгүй байна