• Эхлэл
  • Чингэлэгт дарагдсан гэр бүлийг аварсан залууд талархав

Чингэлэгт дарагдсан гэр бүлийг аварсан залууд талархав

2017/07/25

Хэдхэн хоногийн өмнө Баянхошуунд 40 тн-ы ачаатай Чингэлэгт гэр бүлийн 5 гишүүн дарагдсан аймшигт осол гарсан билээ. Энэхүү аймшигт ослын үеэр нэгэн залуу чингэлэгт дарагдсан гэр бүлийн гишүүдийг машинаас гарган, анхны түргэн тусламж үзүүлсэн бөгөөд түүнийг олж талархал илэрхийлэх хүсэлтэй байна хэмээн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй гэр бүлийнхэн хэлж байсан билээ.

Тэгвэл тэрхүү ачтай залууг олсон байна. Зурган дээр тодотгосон цагаан цамцтай энэ залууг Бямбабаатарын Түмэнбаяр гэдэг. 26 настай. "Шинэ Анагаах Ухаан" сургуулийг 2015 онд Хүний их эмч мэргэжлээр төгсөөд Яаралтай тусламжийн төв 103-т эмчээр ажилладаг. Тухайн өдөр ээлжнээсээ буугаад найзынхаа хамт Баянхошуунд алхаж яваад дээрх аймшигт осолтой таарчээ.

Айж сандарч яахаа мэдэхээ байсан хүмүүсийн дундуур гүйн орж, хойно сууж явсан ээж, долоон сартай нярайг гаргаад, ачаатай контейнерт жолооныхоо ард дарагдсан аав, долоон настай дүүгээ тэвэрч урд суудалд сууж яваад дарагдсан 15 настай хүү гурван хүнд анхны тусламж үзүүлж эхэлсэн байна.

Давхаралдаж суугаад дарагдсан ах дүү хоёр ээлж дараалан амьсгал зүрх судасны дутагдалд орж ухаан алдан, тэсэхийн аргагүй өвдөлтөнд тарчилсан хүүхдүүдийг хөдлөх тоолонд хагарсан шилэнд гар нүүр нь зүсэгдэн үнэхээр нүд халтирам дүр төрх түүнийг угтжээ. Эмч залуу ах дүү хоёрт ухаан алдах тоолонд нь хиймэл амьсгаа, цээж шахалт хийж сэхээн амьдруулсаар Түргэний машин ирэнгүүт шаардлагатай тариануудыг хийж, хүчил төрөгч залгаж амжжээ.

Ингээд хүүхдүүдийг гаргаж автал мэддэг чаддаг бүхнээ хийсэн байна. 40 тн-ы контенейр өргөх техник байхгүй , ачааг нь буулгаж бүтэн 2 цаг болоход хэрвээ энэ залуу тааралдаж, яаралтай туслаагүй бол манай хоёр хүүхэд амьд байхгүй байсан гэж хүүхдүүдийн аав ярьжээ.

Уг эмч залуугийн хувьд гэр бүлээрээ эмч мэргэжилтэй бөгөөд аав ээж нь Увс аймгийн Улаангом хотод амьдардаг. Аав нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт статистикч эмчээр 20 гаруй жил ажилласан. Ээж нь аймгийн нэгдсэн эмнэлэгт Чанарын албаны дарга. Энэ аав ээж хоёр 4 хүүхдээ 4 -үүлэнг нь эмч болгохоор зорьсон. Түмэнбаяр айлын ганц хүү. Эгч нь Солонгост эмчийн мэргэжил дээшлүүлж байгаа бол хоёр дүү нь АУҮИС, Этүгэн Дээд сургуульд эмчээр сурч байгаа гэнэ. Ийм л энгийн нэг залуу монгол улсынхаа нэгэн гэр бүлийг аймшигт ослоос элэг бүтэн үлдээж чадлаа. Эгэл олны минь дунд ийм сайхан залуус байгаад үнэхээр баярлаж сайхан хүү төрүүлж, хүмүүжүүлсэн аав ээжид нь " баярлалаа " гэж хэлье! хэмээн сошиал ертөнцөд нийтэлсэн байна. 

Зургийг фэйсбүүкээс


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна