• Эхлэл
  • Free market academy сургалт залууст нийгэм, эдийн засгийг шинэ өнцгөөс харах боломж олголоо

Free market academy сургалт залууст нийгэм, эдийн засгийг шинэ өнцгөөс харах боломж олголоо

2017/07/26

Торгоны Зам Сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Free Market Academy 2017 чөлөөт нийгэм, эдийн засгийн суурь мэдлэг олгох сургалт 7 дугаар сарын 1-4ны хооронд 35 оролцогчтойгоор амжилттай зохион байгуулагдлаа.

Тус 4 хоногийн вакумжуулсан сургалтаар дамжуулан бизнес эрхлэгч залуус болон залуу энтрэпренёрууд чөлөөт нийгэм, эдийн засгийн тухай үндсэн зарчмуудын талаар цэгцтэй мэдээллийг олон улсын нэр эдийн засагч, философич Хонолулу дахь Хавайн Их Сургуулийн Эдийн Засаг, Бизнесийн Төвийн захирал, Хувь Хүний Эрх Чөлөөний Олон Улсын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Кэн Скүүлэнд, TFT Events-г үүсгэн байгуулагч, эдийн засагч, багш Ли Скүүлэнд, Алтан Тариа ХХК-ийн захирал П.Цэнгүүн, Торгоны Зам Сангийн гүйцэтгэх захирал М.Халиунбат болон сангийн бусад судлаачдаас олж авч чадсан юм.

Торгоны зам сангаас 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус сургалтыг олон улсад алдартай Атлас Нетворк дэмжин, оролцогч залууст тэтгэлэг олгосноороо энэ жилийн сургалт онцлогтой болж өндөрлөлөө.

Сургалтад хамрагдсан оролцогчдын сэтгэгдлээс:

Д.Мөнхнаран: Тус сургалтад хамрагдсанаараа би байх ёстой юм шиг бодож явсан зүйлсээ өөр өнцгөөс харах боломжтойг мэдэрсэн. Чөлөөт эдийн засаг, эдийн засаг дахь төрийн оролцоо, чөлөөт худалдаа, цагаачлал шилжилт хөдөлгөөн зэргийн талаар энгийн хирнээ маш цэгцтэй ойлголттой боллоо.

Ө.Мөнхдаваа: Торгоны замын үйл ажиллагааг сонсож байсан гэвч цаг хугацаа амжихгүй оролцож чадахгүй байсаар сая Free market academy 2017 анх удаа оролцлоо. Миний хувьд хувь хүний зүгээс нэлээн өөр сэтгэлгээг цаашдын өөрийн эрхэмлэж явдаг зүйлс болон бизнесийн байгууллагын хувьд нэлээдгүй санаануудыг олж авлаа. Ажилчид өөрсдийн ажлын байрандаа тодорхой хэмжээгээр enterprenuer сэтгэлгээг бий болгох суулгах хөгжүүлэх хэрэгтэйг ойлгосон. Түүнчлэн, улс төрч хүн гэж хэн бэ, бизнес хийж буй хүний ялгаа ойлгон, улс орон өөр өөрсдийн онцлогоо гаргаж хэрхэн зөв засаглал эрүүл өрсөлдөөний орчноор хамтдаа хөгжих гэх мэт зүйлүүдийг эргэцүүлэн авлаа. Цаашдаа Торгоны Зам сан болон Aтласаас зохион байгуулагдах үйл ажиллагаанд оролцож байх болно.

С.Сосорбарам: Үзэл бодлоо баталгаажуулсан, цаашид сурах судлах олон зүйлийн эхлэл болсон хэрэгтэй сургалт болсон. Зохион байгуулагч нартаа талархал илэрхийлье.

Г.Содном: Чөлөөт эдийн засаг бол хүн төрөлхтөнд хөгжлийн асар их нөөц бололцоог бий болгох боломж юм байна. Энэ сургалтын үр дүнд саад бологчдоос айх хэрэггүй гэдгийг ойлгосон, даган дуурайхгүй өөртөө эзэн болоод явах залуус бий болж байгааг харах сайхан байна. Энэ бол зөв эхлэл.

Ө.Дэлгэрсайхан: Олон гоё санааг олж харсан, бүх зүйлийг тал бүрээс харах нь хамгийн зөв шийдэлд хүргэдэг, хамгийн гол нь хувь хүний оролдлого, шинэ бүхнийг эрж хайх нь тухайн нийгэм болон хүмүүсд харуулж болох хамгийн том чадамж гэдгийг ойлгож авсан.

Торгоны зам сан нь цаашид чөлөөт нийгэм, эдийн засгийн ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна