• Эхлэл
  • Мөрийтэй тоглосон этгээдэд баривчлах шийтгэл оноожээ

Мөрийтэй тоглосон этгээдэд баривчлах шийтгэл оноожээ

2017/07/27

Энэ сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн дагуу энэ оны долдугаар сарын 6-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх мөрийтэй тоглосон этгээдүүдэд холбогдох хэргийг шүүн хэлэлцжээ. Тодруулбал, иргэн Р.Б, Т.У, Л.Т, Ц.С, Б.Б, М.Б, Б.Б нарт холбогдох хэргийн шүүх хурлыг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалан явуулж, улсын яллагч Б.Бүжинлхам, шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар оролцсон байна.

Шүүх хуралдаанаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6-д заасныг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.д зааснаар зөрчлийн холбогдогч Д.Б-г 10 /арав/ цагийн албадан сургалтад хамруулж, долоо /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн зааж, мөрийтэй тоглосон этгээдүүдэд ял шийтгэл оногдуулдаг байв.

Мөн энэхүү Эрүүгийн хуулийн зүйл заалтыг Улсын дээд шүүхийн 2010 оны тавдугаар сарын 19-ний 15 дугаар тайлбарт “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино) гэдэгт “ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл (токенс) хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаандаа мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос (чип) буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног, төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна” гэсэн байдаг.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна