Өнөөдөр ч төрийн албан хаагчдыг хомроглон халж, шахаасныхаа хүмүүсийг шургуулдаг ажиллагаа үргэлжилсээр байна. Эрх мэдэлтнүүд Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болонбусад хууль тогтоомжийг үл тоодог. Ах дүү, амраг, танил тал, цүнх барьж гүйсэн хүмүүс, авлига өгсөн нөхдүүддээ зориулж албан тушаалыг бэлдэнэ. Туршлага, мэдлэг чадвар, төрийн албаны шалгуур хангасан эсэх падлийгүй. Тэр албан дээр миний хүн очно, одоо ажиллаж байгаа хүнийг нь боловсон аргаар зайлуул гэж даалгадаг бололтой.
Тийм болохоор дээрээс ийм санал ирлээ, өөр ажил руу шилжих үү, эсвэл өргөдлөө өгчих хэмээн сануулаад, үгэнд орохгүй бол шууд л халах тушаал гаргана. Өнөөдрийн байдлаар гэхэд 22 мянга гаруй төрийн албан хаагч ийм увайгүй, улстөрийн тулгалтанд өртөж ажлаасаа халагдаад байна. Тэд ч гэсэн үр хүүхэдтэй, хань ижилтэй, аав ээжтэй, байр, машины зээлтэй. Гэнэт л ажилгүй болно гэдэг амаргүй. Гэвч улстөрчдөд тэр хамаагүй.Гагцхүү өөрсдийнхөө хүнийг л ажилтай болгож байвал хэдэн айл орлогогүй болж, төчнөөн жил төрийн албан зүтгэсэн, амьдралаа зориулсан хүмүүсийн зүтгэл огтхон хамааралгүй аж.
Халаа сэлгээний “дайрлагад” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамныхан илүүтэй өртөж байгаа гэлтэй. Дарга сэтэртэй болгоныг дууддаг болсон гэнэ. Төрийн албаны шалгуурыг хангасан туршлагатай, мэдлэгтэй, ажлаа мэддэг төрийн жинхэнэ албан хаагчдыг ч ажлаа өг гэх болжээ.
Энэ яамыг тэр чигт нь орвонгоор эргүүлж, бүтцийн өөрчлөлт нэрээр нутаг нугын эсвэл ах дүү гээд нөгөө л зарчмаар өөрсдийнхөө хүмүүсийг байршуулах ажиллагаа эхэлсэн бололтой. Тийм болохоор шинэчлэл биш албан тушаалын шинэ хуваарилалтыг шинээр томилогдсон сайд нь, ЗГХЭГ-ын дарга нь хамтарч хэрэгжүүлж байна уу гэж хардахаар байна. Энэ асуудалд Засгийн газар нь цаашлаад УИХ анхааралдаа авах шаардлагатай болсныг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.
Магадгүй төрийн албан хаагчдыг ийнхүү хомроглон халж байгаа нь нөгөө алдарт 60 тэрбум төгрөг бүрдүүлэх гэсэн схемийн нөлөө ч байхыг байг гэхгүй. Үнэндээ УИХ-ын дарга, НИТХ-ын дарга нарын төрийн албыг хэрхэн зарж 60 тэрбум төгрөг босгох тухай хуйвалдаж буй бичлэг олны сонорт хүрч, олон нийтийг цочролд оруулсан шүү дээ.
Төрийн албанаас хууль бусаар халагдсан иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн албаны хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад хяналт тавих, мэргэшсэн, туршлагатай боловсон хүчнүүдийг АЛБАН ТУШААЛЫН НАЙМААНЫ ЗОЛИОС болгон халдаг гажуудлын эсрэг тууштай тэмцэх, Монголын эрх зүйт төрийн ёс зүй, хариуцлага, дархлааг бий болгох цаг нь иржээ.
Эх сурвалж: times.mn
Сэтгэгдэл байхгүй байна