Нийслэлийн ногоон бүсэд сибирийн болон өрөөсгөл хүр эрвээхэйн тоо толгой олширч байгаагаас эрвээхэйг ангуучлан барих ажлыг зохион байгуулж эхэлжээ. Хот орчмын ногоон бүсийн зуслангуудад хүр эрвээхэйг “Гэрлэн урхи”-аар барьж эхэлсэн бөгөөд энэ үеэр юунд анхаарах талаар бид нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн мэргэжилтэн Б.Хүдэрээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хот орчимд хүр эрвээхэй олшроод байгаагийн учир юу вэ. Хүр эрвээхэйн тоо толгойг бууруулах боломж бий юү?
-Ноднин жил ОХУ-ын Сибирийн ой түймэрт автаж, тэндээс их хэмжээний хүр эрвээхэй нүүдэллэн манай улсад ирсэн. Сибирийн эрвээхэйгээс гадна өрөөсгөл хүр эрвээхэй ч бий. Эдгээрийн тоо толгойн багасгах, устгах ажилд энэ жил улсын төсвөөс 19 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Үүний дагуу хот орчимд хүр эрвээхэйг “Гэрлэн урхи”-аар барих ажлыг эхлүүлсэн. Хамгийн түрүүнд Найрамдал зуслан орчмын эрвээхэйг барьсан. Одоо Бэлх, Сэлх, Хадат вилла орчимд “Гэрлэн урхи” тавьж байгаа.
-Эрвээхэй барих ажлыг байгаль орчны мэргэжлийн хүмүүс хийж гүйцэтгэдэг үү. Иргэд энэ ажилд хэрхэн туслах ёстой вэ?
-Сонгон шалгаруулалтаар гүйцэтгэгч байгууллагыг сонгодог. Мэргэжлийн хүмүүс хийж гүйцэтгэдэг гэсэн үг. Харин бид хяналт тавьдаг. Иргэдийн хувьд эрвээхэй барих үеэр үдшийн 22 цагаас хойш гэрлээ унтраавал сайн байна. Хүр эрвээхэй гэрэл рүү тэмүүлдэг. Тиймээс олон газарт гэрэл асааж сарниулахгүй урхи тавьсан гэрэл рүү олноор нь авчрахын тулд айл өрхүүдийг гэрлээ унтраахыг зөвлөж байгаа. Ойн судалгаа хөгжлийн төвөөс хүр эрвээхэй хаана хамгийн олон байгааг тогтоосон. Тэр дагуу ажиллаж байна.
-Хүр эрвээхэйн өндөг түүх ажлыг удахгүй эхлүүлнэ гэлээ. Ойн хортон шавьжны хор хэрэглээд ч бол бүрмөсөн устгаж болдоггүй юм уу?
-Наймдугаар сарын 10 орчмоос эрвээхэйн өндөг түүх ажлыг эхлүүлнэ. Нийтээр нь устгахын тулд хор цацаж болох ч ойд хүмүүс зугаалах, хүүхэд багачууд цэцэг жимс түүхээр очдог тул хор цацахыг хориглосон. Тиймээс гэрлэн урхиар барих, өндөг түүх гэх мэт механик ажлыг гүйцэтгэж байна. Мөн авиамикорбиологийн арга буюу онгоцоор бодис цацах ажлыг зарим газарт хийнэ. Энэ нь хор биш гэдгийг дахин тодотгоё.
-Бодис цацах онгоц хүрэлцээтэй юү?
-Ганцхан онгоц байдаг. Сонгон шалгаруулалтад шалгарсан компани гэрээний дагуу тэрхүү онгоцыг түрээслэн ажилладаг.
Эх сурвалж-News.mn
Сэтгэгдэл байхгүй байна