• Эхлэл
  • С.Зоригийн хэрэг эцэс болж, ОУВС үнэлгээгээ гаргав

С.Зоригийн хэрэг эцэс болж, ОУВС үнэлгээгээ гаргав

2017/08/07

Өнгөрч буй долоо хоногт улс эх оронд олон үйл явдал болж өнгөрлөө. 19 жилийн турш олон нийтийн анхаарлын төвд байсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг эцэс болж, гэмт хэрэгтнүүд Улсын дээд шүүхийн шийдвэрээр тус бүр чанга дэглэмтэй хорих ангид 20 жил хоригдохоор боллоо.

Мөн ЭМС-ын сайд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба авлигын хэргээр анхан шатны шүүхээс 5.1 жилийн хорих ял сонслоо. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн бие төлөөлөгчөөрөө А.Гансүх, Д.Дагвадорж нарыг томилж, Чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгосон зэрэг олон үйл явдал өрнөлөө.

Улсын дээд шүүхээс С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтнүүдийн ялыг хөнгөвчиллөө

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн баасан гарагийн өглөө 09:00 цагт эхэлсэн. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, хоёр шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэнээр ийнхүү Улсын дээд шүүх хэргийг дахин хэлэлцэхээр болсон билээ.

Гурван шатны шүүх хэлэлцээд Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг санаатай алсан гэж үзлээ. Тэднийг хаалттай дэглэмтэй хориход хорино. Хаалттай дэглэмийн онцлог нь хорих ангийн хамгаалалтын бүсэд буюу хатуу хяналтан дор ял эдлүүлдэг. Амьдрах байр нь ялтны зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байдлаар зохион байгуулагдсан бөгөөд зөвхөн хорих ангийн үйлдвэрлэлийн бүсэд ажиллах, бусадтай харилцах боломж нь хязгаарлагдмал, өндөр ачаалал бүхий нийгэм, сэтгэл зүйн сургалт, нөлөөллийн арга хэмжээнд хамрагддаг зэрэг онцлогтой.

Мөн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, О нарын дөрвөн хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Гэхдээ Улсын дээд шүүхээс шүүгдэгч тус бүрт 20 жилийн хорих ял оноон, өмнөх хоёр шатны шүүхээс олгосон ялын хэмжээг 4-5 жилээр бууруулав. Харин шүүгчдэгч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэр бүлийнхэн олон улсын хүний эрхийн байгууллагад хандахаа мэдэгдэв.

 Ерөнхийлөгч захирамж гаргаж бие төлөөлөгчид болон зөвлөхөө томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ доло хоногт хэд хэдэн томилгоог хийв. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Хэвлэл Мэдээллийн Албаны даргаар Ж.Цэсэнг томилсон бол Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо. Мөн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилсон юм.

С.Батцэцэгт Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Тулгар төрийг байгуулсны 2226, Их Монгол Улсын 811 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгох зарлиг гаргаад байсан. Гэвч тэрбээр гадаадад бэлтгэл сургуулилттай байсан тул түр хойшлуулаад байсан юм. Тэгвэл тэрбээр эх орондоо ирсэн тул лхагва түүний цолыг хүртээлээ.

Тэрбээр ийнхүү чөлөөт бөхийн спортоос мэндэлсэн тав дахь Хөдөлмөрийн баатар болов. Түүнээс өмнө Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, З.Ойдов, Д.Цэрэнтогтох нар энэ цолоор энгэрээ мялаажээ. С.Батцэцэгийн хувьд 2006 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпийн наадмаас мөнгөн медаль, дэлхийн аваргаас хошой медаль хүртсэн энэ цаг үеийн чөлөөт бөхийн хамгийн шилдэг тамирчин юм.

Түүний олимп, дэлхийн дэвжээнд гаргасан амжилт нь Монголын эмэгтэй чөлөөт бөхийн багийнхны хувьд түүхэн дээд амжилт юм. Тэрбээр чөлөөт бөхийн спортын төрөлд дэлхийн хошой аварга цол хүртсэн Монголын хоёрхон бөхийн нэг (Нөгөөх нь ДАШТ-д 1974, 1975 онд түрүүлсэн З.Ойдов), анхны эмэгтэй тамирчин болсон билээ. Мөн олимпийн наадмаас медаль хүртсэн чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин юм. Өдгөө 27 настай манай тамирчин энэ жил тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа түрүүлээд байна.

Г.Шийлэгдамбад 5.1 жилийн хорих ял оноож, хахуулийн мөнгийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлига авч байгаад үйлдэлд дээрээ баригдсан гэх ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба нарыг шүүх хурал өндөрлөлөө. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон уг шүүх хурлаар Г.Шийлэгдамба болон түүний найз О.Даваасүрэн, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэг, “Метро нэтворк” компаний захирал Э.Гантулга, Т.Идэр нарт холбогдох их хэмжээний авлигын хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрэлээ.

Шүүх бүрэлдэхүүн Эрүүл мэндийн сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбыг гэм буруутай хэмээн үзэж 5.1 жилийн хорих ял оноож, хахуулиар авсан мөнгийг нь улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Харин бусад шүүгдэгчдэд хэрхэн ял оноосныг мэдээлэхэд, түүнд авлига өгсөн О.Даваасүрэнд 1.6 жилийн ял өгсөн байна.

Харин ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэгт 19 сая 200 мянган төгрөгийн торгууль, Метро Нетворк” компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Хэргийг эргэн сануулбал, түүнийг 2015 оны аравдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг юм.

Таван толгойд дахин тэсрэх бөмбөг дэлбэрчээ 

Төв аймгийн Алтанбулаг сумын III багийн иргэн, 49 настай Н Таван толгой дахь сургалтын төвийн ойролцоо нас баржээ. Сургалтын төвд бэлтгэл хийж буй цэргүүд очиход иргэн Н тэсрэх зүйлд өртөж нас барсан, тус багийн иргэн 48 настай Т нуруундаа шархадсан байжээ. Түүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг нэн даруй хүргэж, цэргийн төв эмнэлэгт. Одоогоор биеийн байдал хэвийн байгаа аж.

ОУВС-гийн ажлын хэсэг эдийн засгийг эерэгээр үнэлээд буцлаа

 ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матайгаар ахлуулсан баг манай улсад ажиллан, лхагва гарагт үнэлгээгээ гаргав. Тэд хоёр долоо хоногийн хугацаанд ажиллаад, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний үе шат амжилттай хэрэгжиж байна гэж дүгнэлээ. Гэхдээ дээрх үнэлгээг ОУВС-гаар гаргуулахад амар байгаагүй. Төсвийн сахилга батаа чамбайруулах үүрэг амлалт авсан эрх баригчид сонгуулийн өмнө иргэдэд багагүй мөнгө тараасныг ОУВС дурамжхан хүлээн авлаа. Гэсэн ч тайландаа эдийн засаг идэвхжин, иргэдийн итгэл сэргэж байна гэжээ. 

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө

Наадамд хүчит 256 бөх барилдаж, Архангай аймгийн Бүлган сумын харьяат Даншигийн аварга Р.Пүрэвдагва гурав дахь удаагаа түрүүлэн Даншигийн даян аварга цол хүртлээ. Харин Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын хярьяат бөх Б.Соронзонболд долоо даван үзүүрлэж Даншигийн заан цолны эзэн болсон юм.

“Даншиг наадмын хамгийн гол зүйл нь цам харайх билээ. Цам нь ад, зэтгэр, гай хөнөөлийг даран сөнөөх учир агуулгатай зүйл юм. Цам цамнахдаа гар, хөл, биеийн олон хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэхийн зэрэгцээ хортон дайсан, ад зэтгэрийг догшдын үйлдлээр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг үзүүлнэ.

Мөн энэ үед нууц тарнийн хатуу зан үйл болох “Линга” эвдэх, “Жахар”, “Сор” залах зэрэг үйлийг үйлддэг. Цам бүжиг нь Цаст төвдийн орноо бурхан шашныг дэлгэрүүлэхээр анхны сүм дуганаа барих тэр үед хар зүгийн лус савдгууд харшласанд Энэтхэгийн их багш, ловон Бадамжунай нууц тарнийн ёсонд тулгуурлан цам бүжгийг дэглэн гаргаж улмаар цам бүжих зан үйлээр хар зүгийн лус савдгуудыг номхруулан дарж, төвийн анхны хийд болох Цогт төгөлдөр Самъяа хийдийг байгуулж байсан эртний түүхтэй ажээ.

Эх сурвалж: times.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна